Эгч, дүүсийн “Бодол шиг өдрүүд” эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Эгч, дүүсийн “Бодол шиг өдрүүд” эгшиглэнэ

Тун удахгүй бие даасан тоглолтоо хийх гэж буй эгч, дүүстэй ярилцлаа. Ж.Хишигдэлгэр, Ж.Хишигсүрэн нарын “Бодол шиг өдрүүд” хоёр дахь бие даасан тоглолт ирэх сарын 5-нд “АСА” циркт болох юм.

-Удахгүй тоглолтоо хийх гэж байна, бэлтгэлээ хэр базааж байна?

Ж.Хишигдэлгэр: Бид хоёр тоглолтын бэлтгэл ажил гээд завгүй явж байна. Одоогоор тоглолтын бэлтэл 70, 80 хувьтай л үргэлжилж байна.

Ж.Хишигсүрэн: Тоглолтод маань Монгол Улсын морин хуурын чуулга оролцож байгаа. Найруулагчаар Дуурь, бүжгийн эрдмийн театрын Сарантуяа эгч, бүжгийн найруулагчаар Төгсөө ажиллаж байна. Драмын театрын Цэрэнсамбуу ах, менежер Нямсүрэн эгч, яруу найрагч Баянмөнх гээд маш олон хүмүүс тоглолтын ард ажиллаж байна. Тоглолт маань сайхан болох байх. Одоогоор бид хоёр Морин хуурын чуулга, симфони найрал хөгжимтэйгээ бэлтгэлээ хийж байгаа. 

-Тоглолтын онцлогоос дурдвал?

Ж.Хишигсүрэн: Тоглолт үндсэн гурван хэсэгтэй байх юм. Эхний хэсэгт Монгол Улсын морин хуурын чуулгатай хамтран ардын дуу, ардынхаа урлагийг бүтээлээс дуулна. Хоёрдугаар хэсэгт нь “Учиртай гурван толгой” дуурийн болон шилдэг дууриудын ари романс багтаж байгаа. Бид хоёр дөрвөн жилд нэг удаа болдог “Учиртай гурван толгой” улсын уралдааны дэд байрын шагналыг Хоролмаа, Нансалмаагийн дүрээрээ авч байсан юм. Тэр утгаараа бид анхныхаа тоглолтыг 2009 онд Дуурь, бүжгийн эрдмийн театрт хийж байлаа. Одоо хоёр дахь бие даасан тоглолтоо “Бодол шиг өдрүүд” цомгийнхоо баяртай хамтатган, Аса” циркт хийх гэж байна. Тоглолтынхоо гуравдугаар хэсэгт өөрсдийнхөө цомогт багтсан дуунаасаа дуулахаар төлөвлөөд байгаа.

-Тоглолтод өөр дуучид ая дуугаар мэндчилэх болов уу?

Ж.Хишигсүрэн: Мэргэжлийн дуучин хүн бүх л жанрын дууг дуулж байх ёстой гэж миний хувьд боддог юм. Тийм учраас бидний тоглолт нэг төрлийн уран бүтээлийн шалгалт юм гэж бодож байна. Хүмүүст сонирхолтой байх болов уу гэдэг үүднээс зарим нэг найз нөхдийгөө тоглолтдоо урьсан байгаа. Ер нь бол өөрсдийнхөө бүтээлийг түлхүү хүргэхийг зорьсон.

-Дуурийн дуулаачийн ангийг дүүргэсэн гэсэн, хэдэн онд төгссөн бэ?

Ж.Хишигсүрэн: Манай аав, ээж хоёр их урлагт хайртай хүмүүс. Тэгээд ч тэр юм уу, бид хоёр багаасаа л дуулах дуртай байж. Хүүхэд байхдаа олон уралдаан, тэмцээнд оролцож байлаа. Миний хувьд 2001 онд дуурийн дуулаачийн мэргэжлээр СУИС-т Ардын жүжигчин Б.Жамъянжав багшийн удирдлага дор суралцаж, 2006 онд төгссөн. Дээгий болохоор гавьяат жүжигчин А.Дашпилжээ багшийн удирдлагад суралцаж, 2009 онд дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн. Сонгодог урлагийн ертөнцөд амьдрахын тулд, дуурийн дуучин болохын тулд бид хоёр үргэлж өөрсдөдөө өндөр шаардлага тавих ёстой гэж боддог юм. Суралцаж л байна. Дуулж байна, клип гаргаж байна, тоглолт хийж байна гэдэг маань энэ агуу ертөнцөд суралцаж, алдаагаа засч, дуучин болох гэж зүтгэж, хичээж яваа гол зорилго юм болов уу гэж боддог. Ялангуяа сүүлийн үед бид хоёр уран бүтээлдээ маш их анхаарал тавьж байна. Өөрсдийгөө яаж илүү боловсруулах вэ гэдэг маш том асуудалд анхаарлаа хандуулж, суралцаж байна.

-Та хоёр хэзээнээс хамтарч дуулсан бэ.

Ж.Хишигсүрэн: Багадаа бол хамтарч дуулдаг байсан. Яг хамтарч уран бүтээл хийх болсон цаг хугацаа гэвэл 2008 оноос юм уу даа. 

Ж.Хишигдэлгэр: Түүнээс биш Хишгээ эгч 2002 оноос анхныхаа дууг аваад, уран бүтээл дээр ажиллаж үзээд, тодорхой хэмжээний туршлагатай болчихсон байсан.

-Хамтарч уран бүтээл хийх санааг хэн гаргасан бэ?

Ж.Хишигсүрэн: Бид хоёр өмнө нь “Учиртай гурван толгой” шилдэг дүрийн V уралдаанд хамт оролцож байсан юм. Миний хувьд өмнөх уралдаанд нь ганцаараа оролцож байсан юм. Тэгээд дараа жил нь Нансалмаагийнхаа дүрээр уралдаанд оролцох гээд бэлтгэж байтал манай дүү, багш хоёр Хоролмаагийн дүрээр ор гэж санал тавиад. Тэр үед л хоёулаа хамтраад дуулбал зүгээр юм уу гэдэг санаа анх төрсөн юм байна.  Дүүтэйгээ хамт Монголын урлагийн сор болсон бүтээлийн гол дүрийн эмэгтэйчүүдийн дүрийг бүтээсэн нь бидний хувьд урлагаас олж мэдэрсэн сайхан мэдрэмж, сайхан мөчүүдийн нэг байлаа. Хоролмаа, Нансалмаа гэдгээр нь бид хоёрыг хүмүүс гадарладаг байх /инээв/. Ер нь бол “Учиртай гурван толгой” дуурь биднийг хурцалж, цаашид уран бүтээл хийх эрч хүч өгсөн.

-Тэгвэл та хоёрын уран бүтээлийн эхлэл болсон “Учиртай гурван толгой” дууриар цомог, эсвэл DVD гаргавал гоё юм шиг санагдлаа?

Ж.Хишигсүрэн: Бид хоёрын ганц мөрөөдөж явдаг зүйл байгаа юм. Эгч, дүү хоёрын зохиомжит мюзикл, DVD гаргах төлөвлөгөө бол байгаа.

Ж.Хишигдэлгэр: Гэхдээ бид хоёр үүнийг хийхийн тулд эртнээс бодож, төлөвлөх хэрэгтэй. Ер нь бол тодорхой хэмжээний төлөвлөгөө гаргачихсан л яваа. Хурдан хийчих зүйл биш болохоор цаг хугацаа их хэрэгтэй юм билээ. 

-Саяхан театрт “Учиртай гурван толгой” дуурийг тоглосон, та хоёр байнга үздэг байх тийм үү?

Ж.Хишигдэлгэр: Үзэлгүй яахав. Үе үеийн Хоролмаа, Нансалмаа нараас бид хоёрт суралцах зүйл их байна. Би бол Хоролмаагийн яаж дуулж, хөдөлж, жүжиглэж байгааг алдахгүй анзаарч, суралцахыг хичээдэг. Цаг зав гарвал байнга үздэг.

-Та хоёрын гаргасан клипүүд таалагдсан, шинэлэг санагдсан?

Ж.Хишигдэлгэр: Бүх дуун дээрээ нарийн ажиллах ёстой гэж зорьдог. Дууныхаа шүлгээс эхлээд. Бидний анхны дуу “Бодол шиг өдрүүд” юм ш дээ. Яруу найрагч Н.Баянмөнх ахад хандаж, бид хамтраад дуулчих уран бүтээл ямар шүлэг, ямар аялгуутай байвал зүгээр вэ гэдэг талаар зөвлөгөө авч байлаа. Тэгээд Н.Баянмөнх ах “Бодол шиг өдрүүд” дууны шүлгийг бичиж, Т.Сэр-Од багш аялгууг нь хийснээр анхны хамтарсан уран бүтээл маань төрсөн юм.

Ж.Хишигсүрэн: Мэдээж уран бүтээл хийж байгаа учир аль болох чанартай, даацтай уран бүтээл хийхийг зорьдог. Миний хувьд, эгч ч гэсэн “Зүүдний шувууд” дуундаа их хайртай байдаг. Нэгэн хэвийн дуу биш. Харин сүүлд гаргасан клип маань Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын хөгжим, яруу найрагч Т.Галсангийн шүлэг “Аав, ээж хоёр минь” гэж дуу бий. Клипийн хувьд бас л “Wizard”-ийнхантай хамтарч ажилласан. Удахгүй бас тоглолтынхоо өмнө нэгэн шинэ клип гаргахаар ажиллаж байна.

-Ингэхэд тоглолтын тасалбарын үнэ хэд вэ?

Ж.Хишигдэлгэр:
Тасалбар 9999 төгрөг, нэг төгрөг хариулж өгнө. Нэг зүйлийг хэлэхэд тасалбарыг дагалдаж “Бодол шиг өдрүүд” цомгоо бэлэглэхээр болсон.

-Тоглолтын дараа хөдөө орон нутаг аялан тоглолт хийх үү? 

Ж.Хишигдэлгэр: Тоглолтынхоо дараа бид хоёр нутагтаа очиж тоглолт хийх бодолтой байгаа. Увс аймагтаа. Цаашид хийхээр төлөвлөсөн зүйл гэвэл тус тусынхаа уран бүтээлийн цомог гаргах бодол бий /инээв/.

-Гэхдээ цаашдаа хамтарч дуулах хэвээрээ биз дээ?

 
Ж.Хишигдэлгэр: Тусдаа уран бүтээл хийх байсан ч хамтдаа тоглолт хийнэ. Ер нь бол хамтарч уран бүтээл хийхээ үргэлжлүүлсээр байх болно.

-Ж.Хишигдэлгэрийг Японд хамтлагтай гэсэн, тэнд сурч байсан юм уу?

-Манайд ардын цөөхүүл хөгжмийн хамтлаг байдаг. Ардын язгуур урлагийг сурталчилах. Гэрээний дагуу жилдээ хэсэг хугацаанд Японд тоглолтод оролцож байгаад ирдэг. 

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж