
Тухайн үед үүний эсрэг тус байгууллагын удирдлагууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Инженер техникийн ажилчид онгоц барьцаалсан. Онгоцоо цоожлоод онгойлгохгүй байгаа. Хөдөлмөрийн хууль зөрчсөн, хууль бус ажил хаялт зохион байгуулсан” гэх мэт өөрсдийгөө хамгаалсан мэдээлэл өгч байлаа.
Үүнийг батлахын тулд “МИАТ” ХК-ийн захиргаанаас нислэг саатсан явдалд инженер техникийн ажилчдыг буруутгаж, тэднийг хууль бус ажил хаялт зохион байгуулсан гэж үзэн Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Энэхүү хэргийг энэ сарын сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүх хянан шийдвэрлэлээ. Тус шүүх хуралдаанаар инженер техникийн ажилчид нь аюулгүй ажиллагааны заавар зөрчигдсөн, аюултай байдал үүссэн тул иргэний нисэхийн дүрэм, Монгол улсын хуулийн дагуу ажлаа зогсоож, энэ тухайгаа удирдлагадаа мэдэгдсэн бөгөөд хууль бус ажил хаялт хийгээгүй болохыг тогтоожээ.
Үүнтэй зэрэгцээд Агаарын тээврийн инженер, техникийн ажилчдын холбооноос мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд, МИАТ ХК-ийн удирдлага хууль дүрэм, аюулгүй байдлын заавраа мөрдөн ажилласан инженер техникийн ажилчидаа буруутгаж, шүүх, цагдаад нэхэмжлэл гарган, дарамт шахалт үзүүлэх үйл ажиллагаа явуулахаа нэн даруй зогсоохгүй бол ийм удирдлага болон захиргаатай хамтран ажиллах боломжгүй. Нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллахад ноцтой хүндрэл учрах аюултай гэдгийг мэдэгдсэн байна.
Түүнчлэн өнөөгийн иргэний нисэхийн салбарын тогтолцоо нь олон улсын иргэний нисэхийн нийтлэг жишгээс гажуудан хэвийн үйл ажиллагаа явуулах чадваргүй болж, одоо үйлчилж буй иргэний нисэхийн хууль, дүрмийн хүрээнд салбарын үйл ажиллагаанд зохицуулалт хийхэд хүндрэлтэй, дүрмийн заалтууд бүрхэг, тайлбаргүй, мөн зохицуулалт хийгдээгүй асуудлууд олон байгаа нь иргэний нисэхийн цаашдын хөгжилд чөдөр тушаа болсоор байгаа тухай ч дурджээ.
Тиймээс цаашид гарч болзошгүй эрсдлээс сэргийлэж МИАТ ХК, ИНЕГ-ын үйл ажиллагааг зөв гольдролд оруулж, хөгжлийн зөв замаар нь явуулах үүднээс дараах арга хэмжээнүүдийг нэн яаралтай авч хэрэгжүүлэхийг дахин дахин шаардсаар байгаа бөгөөд холбогдох яам, төрийн байгууллагуудад Агаарын тээврийн инженер, техникийн ажилчдын холбооноос дахин анхааруулж байгаа аж. Тэдний шаардлагад ИНЕГ-ыг аж ахуйн үйл ажиллагаанаас салгаж цэвэр мэргэжлийн чиг баримжаа бүхий төрийн хяналтын байгууллага болгон мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр бэхжүүлэх. Монголын Иргэний Нисэхийн дүрмүүдийг илүү боловсронгуй Европын Холбооны улсын Иргэний Нисэхийн дүрмийн чиг хандлагад яаралтай шилжүүлэн сайжруулах зэрэг багтжээ.