Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Хоёр дахь гэрлэлт

Анхны гэрлэлт нь бүтэлгүйтсэн хүмүүс буруутанг өөрөөсөө бус өрөөлөөс хайж эхэлбэл хоёр дахь гэрлэлт аз жаргалтай байж чаддаггүй.

Хоёр дахь гэрлэлтийн талаар хүмүүс янз бүрийн бодолтой байдаг. Эхнэр юмуу эр нөхрөө орхиод өөр хүнтэй гэрлэсэн хүмүүсийг ил далд элдэв байдлаар муу хэлэх нь ч бий, тэр нь зөв шийдвэр байсан хэмээн дэмжих тохиолдол ч бас бий.

Тэгэхээр хоёр дахь гэрлэлт аз жаргалын баталгаа болж чадах уу гэсэн асуулт аяндаа урган гарна. Гэр бүлээсээ салсан эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль нь ч бай ялгаагүй өөрийгөө ямар ч буруугүй, цэвэр ариун хүн мэтээр тодорхойлдог.

Харин ханилж байгаад салсан нөгөө хүнээ хэнтэй ч таарч тохирохгүй, ааш муутай, ажилгүй, амьдралын төлөө тэмцэлгүй, аминдаа арчаагүй гэх мэтээр муучилж дээрх ойлголтондоо хатуу итгэсэн байдаг.

Ийм бодолтой байдаг хүмүүс хэдийгээр дахин гэрлэсэн ч тэд ихэнхдээ өөрийн мөрөөдсөн аз жаргалаа олж авч чаддаггүй.

Урьд нь хүнтэй сууж байгаад салсан хүнийг хүмүүс янз бүрээр дүгнэдэг. Нэг хэсэг нь тэднийг "амьдрал үзсэн" гэж байхад нөгөө хэсэг нь "амьдралд нухлуулж зөөлөрсөн" гэж үзэх нь ч бий. Үнэндээ бол эдгээр дүгнэлтүүдийн аль аль нь ч буруу юм.

Мөн, салж сарниад дахин гэрлэсэн хүмүүсийн талаар ийм нэг дүгнэлт ч бий. Энэ нь "Нэг хүнтэй хэл амаа ололцож амьдарч чадаагүй хүн өөр хүнтэй яаж таарч тохирох вэ?" гэсэн туйлшрал юм.

Гэтэл үнэндээ тийм биш юм. Анхны гэрлэлт нь бүтэлгүйтсэн хүмүүст үйлчилдэг ёс суртахуун, амьдралын хэм хэмжээ гэж байхгүй. Хамгийн гол нь тухайн хүнийг анхны гэрлэлтээсээ салахад хэр зэрэг ухамсарлаж ойлгосноос бүх зүйл шалтгаалдаг. Хүн ямар нэг шалтгаанаар анхны ханиасаа салсан ч өөрийн үзэл бодол, ааш араншин, дадал зуршлаасаа тийм амар салдаггүй.

Эрдэмтэд судлаачид гэрлэлтээ цуцлуулсан арван тохиолдол тутмын есөд нь эхнэр нөхөр хоёр хоёулаа буруутай байдгийг олж тогтоожээ. Тиймээс анхны гэр бүлээсээ салсан хүн бодит байдлыг зөв үнэлж, өөрийнхөө бурууг төгс ухамсарлах хэрэгтэй.

Ийм л хүн шинээр амьдрал зохиохдоо алдаа гаргахгүй, бүр тодруулбал анхны ханьтайгаа таарч тохирохгүй гэрлэлтээ цуцлуулахад хүргэсэн алдаагаа дахин давтахгүй байж чаддаг. Гэвч харамсалтай нь ихэнх хүмүүс ийм байж чаддаггүй. Анхны эхнэр болон эр нөхрөөсөө салж гэрлэлт нь бүтэлгүйтсэн хүмүүс алдаагаа өөрөөсөө бус өрөөлөөс хайдаг. Тийм болохоор салж сарнисан нэг ч хүн өөрийгөө буруутгаж чаддаггүй аж.

Жишээ нь эмэгтэй хүн нөхрөө архинаас гаргах гэж оролдоод оролдоод дийлэлгүй саллаа гэж бодоход тэрээр хоёр дахь амьдралаа зохиохдоо архи огт амсдаггүй хүнийг сонгодог. Гэтэл эдийн шуналтай авгайгаасаа салж санаа амарсан эр хүн шинэ амьдрал зохиохоор дахин эхнэр авахдаа юуны түрүүнд мөнгө, эд хөрөнгөнд хэрхэн ханддагийг нь судалдаг байна. Иймэрхүү байдлаар хоёр дахь амьдралаа зохиосон хүмүүс гэр бүлийн хувьд арай илүү тогтвортой байдгийг эрдэмтэд тогтоожээ.

Н.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж