Гадаад харилцааны яаман дээр “Монголын аж үйлдвэрийн бодлого” сэдэвт семинарыг НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага /ЮНИДО/ тус яамтай хамтран зохион байгууллаа. Өнөөдрийн семинар байгалийн нөөцөд суурилсан эдийн засаг, Монголын сүлжмэл эдлэл, ноос ноолуурын аж үйлдвэрийн төлөв байдал, Монголын уул уурхайн үйлдвэрийн төлөв байдал гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдсэн юм. Уул уурхайн салбарын тухайд тулгараад байгаа бэрхшээл, зовлон жаргалын талаарх үндсэн илтгэлийг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын орлогч дарга Ч.Цогтбаатар тавьсан юм. Уул уурхайн салбарын шинжээч, профессор Г.Дэвисийн хийсэн Монгол улсын ашигт малтмалын салбарт явуулсан судалгааны талаарх танилцуулга хэн бүхний анхаарлыг татсан юм.
Тэрбээр илтгэлдээ “Монгол орны хувьд байгалийн баялагтаа хэт шүтсэн дэлхийн зарим орны нэгэн адил баялгийн хараал нүүрлэх аюул бодитоор тулгарчээ. Ашигт малтмалын олборлолт нь богино хугацаанд эдийн засгийг хөгжүүлдэг ч урт хугацааны дараа эргээд сөрөг үр дагавар авчрах нь бий. Уул уурхайн экспортод хэт шүтсэнээс бусад салбар нь хөгжихгүйд хүрч, дотооддоо валютын ханш өсч баялгийн хараалд өртсөн цөөнгүй орон бий. Үүний жишээнд Кувейт, Арабын Эмират, Саудын Араб, Замби зэрэг орныг нэрлэж болохоор болно. Нэгэн үе ашигт малтмалын баялаг нь үнэд орсон үед тухайн орнуудбн эдийн засгийн өсөлт асар өндөр байсан бол одоо уналтад орж эхэлж байна. Байгалийн баялаг гэдэг бол шавхагдан барагддаг нөөц. Гэтэл баялагт хэт шүтэж, бусад салбараа хөгжүүлэлгүй орхигдуулсны балгийг ирээдүй хойчдоо амсуулахгүйн тулд Монгол Улс одооноос эдийн засгийнхаа бодлогыг зөв тодорхойлох учиртай” гэсэн юм. Замби улсын эдийн засаг 1960-1990 онд асар хурдацтай өсч байсан бол олборлолт буураад, ашигт малтмал дундраад ирмэгц эдийн засаг нь хүндэрч эхэлж байна. Энэ мэт баялгийн хараалд өртсөн орнуудыг харахад 25-50 жилйин хугацаанд маш өндөр ашигтай байдаг ч хэтдээ маш сөрөг үр дэгэврыг авчирсан байдаг гэдгийг судлаач илтгэлдээ дурдсан байлаа. Манай улсын хувьд энэхүү баялгийн хараал гэх эдийн засгийн өвчнөөс сэргийлэхийн тулд төсөв, санхүү, мөнгөний бодлогодоо онцгой анхаарч, ашигт малтмалаас олсон орлогоо зөв ашиглах, ирээдүйд зориулсан хуримтлал бий болгохын чухлыг сануулсан юм. Уул уурхайн орлогыг үргүй зардалд бус хөрөнгө оруулалт, нийтийн өмч, хөрөнгийн болон даатгалын зах зээл, боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулах хамгийн оновчтой гэдгийг ч судлаач дурджээ. Харамсалтай нь судлаач Г.Девид эрүүл мэндийн шалтгааны улмаас семинарт өөрийн биеэр оролцож чадалгүй нутаг буцсан бөгөөд түүний илтгэлийг ноён Л.Алкорта танилцуулсан.
Д.Цээнэ