Хүүхэд яагаад хаздаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Хүүхэд яагаад хаздаг вэ?

Хүүхэд бусдыг хазах тохиолдол элбэг байдаг. Шалтгаан нь ч янз бүр. Хөхнөөс бүрэн гараагүй хүүхэд бусдыг хазах гээд байдаг, нөгөө талаар шүд ургаж байх үеийн өвдөлттэй ч холбоотой илэрч болдог. Мөн хэлд сайн ороогүй хүүхэд өөрийн тааламжгүй байгаа мэдрэмжээ ойлгуулж чадахгүй шууд л хазах гэдэг. Мөн 2-оос дээш насны хүүхэд булчингийн хөгжил, амны ойролцоох мэдрэмж бага хөгжсөнтэй холбоотой хазах гэдэг. Хэрвээ ийм шалтгаанаар хазаж байгаа бол соска хөхүүлэх /гэвч энэ арга хүүхдийн хэл ярианы хөгжилд муугаар нөлөөлдөг тул тийм ч үр дүнтэй биш/, мөн алим, лууван зэрэг зажлахад хатуу идэх юм тогтмол хугацаанд идүүлж болно.
Хүүхэд хазах нь ихэнхдээ хэсэг үргэлжлээд алга болдог  ч 4, 5 нас хүртлээ энэ зуршил арилахгүй байх нь зан байдлын шалтгаантай байдаг. Ялангуяа энэ нь түрэмгий зангийн илрэл болох бөгөөд бүр том болсон хойноо амьтан зовоох, бусад хүүхдийг шоглох зэргээр хэлбэр нь өөрчлөгдөөд байх нь бий. Хэт зоргоор өссөн, гэр бүлийн гишүүд хоорондоо ширүүн харьцаатай байх нь хүүхдийг түрэмгий зантай болгодог. Одоохондоо зан байдлын шалтгаанаар хүүхэд хазаж байна гэж үзэхэд эрт байна.

Та дараах аргыг хэрэглээд үзээрэй.
1. Хүүхдийг илүү тайван байлгах, эсвэл эсрэгээр зузаан матрасан дээр үсэрч тоглох г.м.-ээр сэтгэлзүйн ачааллыг багасгах хэрэгтэй. Эцэг эхийн анхаарал халамж дутсанаас ядарсан, уур уцаар их, сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадахгүй, сэтгэлзүйн хувьд тааламжгүй байж болно.
2. Ямар үед хүүхэд хазаж байгааг нарийн ажиглах хэрэгтэй. Ялангуяа хүмүүжүүлэгч багш нар анзаарах хэрэгтэй. Уур нь хүрсэн үедээ, эсвэл зүв зүгээр ямар нэг шалтгаангүйгээр хазаад байна уу г.м.-ээр
3. Хазах гэж байгааг харсан тохиолдол бүртээ гарын алгаар аман дээр нь дарж, хазаж болохгүй гэж шийдэмгий хэлэх хэрэгтэй, олон удаа давтсаны дараа аяндаа болино
4. Хэрэв хазсаныг мэдвэл  дараа нь  хүүхэдтэй ярилцах хэрэгтэй байдаг.  Загнаж, шийтгэж, айлгаж болохгүй.  “Чи тэр хүүхдийн бөмбөгийг авмаар байсан уу, тэгвэл гуйх хэрэгтэй, надад өгөөч гээд. Хэрвээ өгөхгүй бол багшдаа хэлж болно шүү дээ” г.м. Эсвэл “чи энэ тоглоомыг /резинэн/ хазаж бай, тоглоом өвдөхгүй, харин хүүхэд хазвал өвдөнө” г.м.-ээр ойлгуулах гэж оролдох хэрэгтэй.
5. Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх нь бас сайнаар нөлөөлдөг. Гэр орондоо хүүхэдтэйгээ сайн ярилцаж байх, үлгэр уншиж өгөх гэх мэтээр.
Эцэг эхчүүд хичнээн ажил ихтэй байсан ч хүүхдийг анхаарал, халамжаар дутааж болохгүй, ингэвэл дараа дараачийн насанд сөрөг зуршил улам л илрэх болно.

Н.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж