
Сэлэнгэ аймагт өнгөрөгч есдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө иргэдийн эд хөрөнгийг галдан шатаасан хэрэг гарсан бол энэ сарын 11-ны 21.00-22.10 цагийн хооронд нутгийн иргэдийн автомашин шатаасан мөн автомашин шатсанаас 20-40 минутын хооронд хоёр ч айлын хашаатай өвсийг шатаасан хэрэг бүртгэгдээд байна. Эл галдан шатаах хэргийн автомашинаа шатаалгасан хохирогчид нь урьд нь цагдаагийн байгууллагад ажилладаг байсан хүмүүсийн ар гэрийнхэн байгаа талаар албан бус мэдээлэл байгаа боловч галдан шатаах гэмт хэрэг давтагдсан нь тус нутаг дэвсгэрт оршин сууж буй иргэдийн амгалан тайван байдал алдагдаж буйг эх сурвалж мэдээлж байна. Тухайлбал, хэрэг илрүүлэх ажлын хэсгийн ажилтнууд айл өрхөөр явж, хэн хаана хоноглоод гарсан, хаанаас ямар айлчин гийчин ирсэн, буруу зөрүү мэдээлэл хэвлэл мэдээллийн байгууллагад өгөхгүй байх талаар сэрэмжлүүлэг өгч байгаа нь иргэдэд айдас болгоомжлолыг төрүүлээд байгаа аж. Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга дэд хурандаа н.Батсүхээс хэргийн эзэн холбогдогчийг тогтоосон эсэх талаар тодруулахад “Одоогоор энэ хэргийн талаар ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. Бодит мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаар дамжуулж өгнө” гэсэн хариулт өгсөн юм.
Өнгөрөгч сарын 28-29-нд шилжих шөнө “Chaser” маркийн хоёр автомашин, хоёр гарааш, нэг айлын өвлийн байшин шатаасан бол энэ сарын 11-ны өдрийн 21 цагаас эхлэн мөн Сэлэнгэ аймгийн дөрөвдүгээр багийн оршин суугч иргэн Ж-гийн хувийн эзэмшлийн автомашин шатаасан хэрэг гарч, мөн оройн 22 цагийн орчимд тус аймгийн гуравдугаар багт хоёр айлын хашаан дахь өвсийг шатаасан хэрэг бүртгэгдсэн байна. Эл үйлдэл нийтдээ зургаан удаа давтагдсан бөгөөд одоогоор гурван автомашин, хоёр айлын хашаатай өвс, хоёр гарааш, нэг айлын өвлийн байшин шатаасан хэрэг гарлаа. Эл хэргийг аймгийн Цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулж хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа эхэлсэн ч эзэн холбогдогчийг тогтоогүй байна.
Иргэдийн эд хөрөнгөд санаатай халдсан хэрэг үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн 153.1-рт бусдын эд хөрөнгийг санаатай устгасан буюу гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар оногдуулахаар хуульд заажээ
Д.Долгор