Тэвчээрийг давсан шуугиан

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Тэвчээрийг давсан шуугиан

Улаанбаатар хотын дуу шуугиан хэвийн хэмжээнээс хэд дахин хэтэрсэн гэх нь бий. Үнэхээр стресс бухимдал, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй нь олон хүний нүдэнд ил харагдана. Харин зохих стандартыг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагуудын судалгаа, агаарт тархах дуу шуугианы хэмжээг хаана, хэрхэн  хэмждэг нь тодорхойгүй. Гэтэл агаарын бохирдолтой дүйцэх хэмжээнд очих дуу шуугианы бохирдол нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зарим өвчний эх үүсвэр болох, нийгмийг бүхэлд нь стресс бухимдалд оруулж, гэмт хэрэг осол аваар гарах үндэс болдогийг шинжлэх ухаан нотолсон. Үүнд хамгийн эхэнд хяналт тавих ёстой нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан “яах аргагүй тулгамдсан асуудал. Гэвч шуугианы хэмжээ ямар байгааг нарийн судалж хяналт тавьдаггүй. Дуу шуугианы стандарт хэмжээ бий” гэх хэнэггүй хариулт хэлээд сууж байх юм. Түүнчлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Агаарын чанарын алба, нийслэлийн Эрүүл мэндийн газар агаар дахь дуу шуугианы хэмжээг судалдаггүй, нийслэлчүүдийн стресс, өвчлөлийн эх үүсвэр болсон дуу шуугиан тэдэнд огтоос хамаагүй, хэмжих тоног төхөөрөмж ч байхгүй гэх. Харин Агаарын чанарын мэргэжлийн албанд агаар дахь дуу шуугианы хэмжээг тогтоох тоног төхөөрөмж нь байдаг ч бас л хэмжилт хийдэггүй аж. “Шаардлагатай гэж үзвэл дуу шуугианы хэмжээг хэмжиж болно” гэх хариултыг тус газрын мэргэжилтэн өгсөн юм. Уг нь тогтмол хэмжиж, зохих арга хэмжээг авах хэрэгтэй баймаар. Эцэст нь нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд эрүүл мэндэд хэт их дуу шуугиан нь хэрхэн нөлөөлдөг тухай онолын хувьд судалжээ. Харин бодит амьдрал дээр хэвийн хэмжээнээс хэд дахин хэтэрснийг бас л мэдэхгүй. Дуу шуугиан гэж юу болох,  хэвийн хэмжээнээс хэтэрвэл хүний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар товч дурдая. Эрүүл ахуйн үүднээс шуугиан нь ашигтай дуу авиаг хүлээн авахад саад болж, нам гүм байдлыг алдагдуулах, бие махбодид хортой, цочроох нөлөө үзүүлэх, ажиллах чадварыг бууруулах дуу авианы нийлбэр гэж онолын хувьд үздэг аж. Дуу шуугианы эрүүл ахуйн норм тогтоох нь богино болон урт хугацааны нөлөөллөөс хүнд үзүүлэх сөрөг өөрчлөлт, өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдах зэргээс сэргийлэх ач холбогдолтой. Хотын дуу шуугианы стандарт хэмжээ өдрийн 07-23 цаг буюу 16 цагийн дундажаар 60 ДБА децибелль, шөнийн 23-07 цаг буюу найман цагийн дундажаар 45 децибеллээс хэтрэхгүй байх ёстой. Гэтэл хүний хүчин зүйлээс үүдэлтэй автомашины дуу, сигнал, барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэл, нийтийн тээврийн кондукторын хашгирах нь хүртэл  шуугианы хэвийн хэмжээг алдагдуулж 30 децибеллээр их буюу 80-90 децибелль болсон гэх албан бус тоо бий. Шуугианы эх үүсвэрийн гадаад хүчин зүйлд авто машин үйлдвэр, тээврийн хэрэгсэл, аянга цахилгаан, байгалийн бүхий л  дуу чимээ багтдаг бол дотоод хүчин зүйлд үйлдвэрлэлийн процесс, хогийн пункер, ариун цэврийн байгууламж, цахилгаан хэрэгсэл зэрэг өдөр тутам хэрэглэж буй зүйлс ч шуугиан үүсгэдэг байна. Харин түүнийг нэвтрүүлэхгүй байх зорилготой орон сууц, оффис хэрхэн баригдаж буй надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Мэдээж дарга нарын тохилог хаус хотоос зайдуун дээр зузаан ханатай болохоор мэдэхгүй байх магадлалтай учраас сонингоороо дамжуулан сонс хэмээн дэлдэе.

Шуугианы эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө

Шуугианы хэмжээ 80 децибелль байхад сонсголын мэдрэмж 17-25 децибеллээр буурч, хэлсэн үгний 20-25 хувийг нь сонсч чаддагүй аж. Төв мэдрэлийн системийн далд урвал хэвийнхээс 30-40 м/сек ихэслэг бол 60 децибеллээс хэтрэх  үед  мэдээлэл дамжуулах хурд, ой тогтоолт эрс буурдаг байна. Түүнчлэн Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг зүрх судасны өвчлөл зүрхний пульс, артерийн даралт ихсэх багасах сөрөг тал бий. Тэр ч бүү хэл нойргүйдэх өвчлөлийн нэг үүсвэр гэдгйиг эмч мэргэжилтгүүд анхааруулж буй. Шуугианы хэмжээ 40 децибелль байхад нойр алдагдаж улмаар 50 дицбелль хүрэхэд унтах хугацаа нэг цагаар багасаж гүн нойрсолт 62 хувь болтлоо буурдаг аж. Харин 35 децибеллээс бага үед л нойр хэвийн, гүн нойрсолт 82 хувьд хүрдэг гэж эрүүл ахуйн үүднээс дүгнэсэн байх юм.

Нийслэл хотын гудамж талбайн дуу шуугианыг сүүлийн жилүүдэд судалсан, хэмжсэн газар нэг ч  байхгүй.  Бүр 1996 онд  Улаанбаатар хотын дуу шуугианы түвшин 71 децибелль байсан гэхээр өнөөдөр энэ тоо хэд дахин нэмэгдсэн ойлгомжтой. Нэгэн жишээ дурдахад өнгөрөгч онд  хотын хамгийн их дуу чимээтэй хэсэгт ажилладаг Замын цагдаа нарын хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлоход шуугианы дундаж хэмжээ 76.3 децибелль байв. Энэ нь зохих түвшингээс 14.3-19.4 децибеллээр хэтэрсэн гэсэн үг. Дээрх шуугианы хэмжээнээс Замын цагдаа нар хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байна гэх дүгнэлтэд хүрсэн байна. Тэгэхээр нийслэл хотын иргэд ч хортой нөхцөлд амьдардаг болох нь ганцхан жишээгээр  батлагдлаа. Ямар сайндаа дуу шуугиан нэвтрүүлдэггүй цонх, хаалга, хана, хотын дуу чимээ, стрессээс хол газар, хаус худалдана гэх реклам цацагдаж байхав дээ. Гэтэл дуу чимээнээс ангид амьдрах боломжтой хүмүүс нь хэд билээ. Ажлаа амжуулах, сургуульдаа явах, нийтийн тээврээр зорчих гээд өдөр бүр л хортой нөхцөл биднийг угтана. Нийслэлийн иргэд шөнө ч унтаж чадахгүй, хөгшин залуугүй нойргүйдэх өвчин тусчээ гэвэл гайхах юмгүй болох вий.

С.Отгонсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж