
Улаанбаатар хот үүсч байгуулагдаад өдгөө 371 жилийн нүүрийг үзэх гэж байна. Гурван зуун жилийн хугацаанд нийслэл хотод маань бие засах газар хангалттай хэмжээгээр байсангүй. Урьд нь ийшээ тийшээ нүүж сууж байсан болохоор тэр үед бие засах газар шиг хэрэггүй юм байхгүй. Харин суурин иргэншилд шилжээд 100-аад жилийн нүүрийг үзэх гэж байгаа манай хотод өнөөдөр ч нийтийн бие засах газар шүдний өвчин хэвээр л байна.
Энэ найман сард хотын удирдлагууд ариун цэврийн шаардлага хангасан, жилийн дөрвөн улирлын турш ажилладаг нийтийн бие засах газрыг 33 байршилд барих шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрийн хүрээнд Улаанбаатар зочид буудлын урд нийтийн бие засах газрыг барьж байгаа юм. Барилгын ажил дөнгөж эхэлжээ. Энэ бие засах газрыг барихад одоо 50 сая төгрөг зарцуулж буй. Дээрх бүх байршлуудад бие засах газар баригдатлаа хоёр жил болох гэнэ. Баруун Европын орнуудад бие засах газрыг их энгийн аргаар шийдсэн байдаг. Хүн ам олноор суурьшсан хотын төвд дор хаяж 50 ширхэг, хотын захаар 15 ширхэг байхаар заагаад өгчихсөн байдаг ажээ. Европын орнууд давсагаа чинэрхээс санаа зовдоггүй байх нь. Тэгвэл Азийн орнууд тэр дундаа хүн амын нягтаршил хамгийн их байдаг Японд л гэхэд манай 22 бие засах газраас 6 дахин их нийтийн бие засах газартай гэнэ. Тэндэхийн бие засах газар нь бүх хүнд тохирсон боломжийн үнэтэй. Азийн орнууд давсагаа чинэрхээс айхгүй байхад Нийслэлийн иргэд бид л давсагаа чинэрүүлэн байж амьдардаг ажээ.
Чанарын шаардлага хангасан, халдварт өвчин тараадаггүй, агаарын бохирдолд нөлөөлөхгүй, орчин үеийн бас дээр нь 50 саяын үнэтэй бие засах газартай болтол хоёр жил. Тэр болтол давсагаа чинэрүүлээд л явж байхаас даа.