Х.Цагаанбаатар IJF-ийн нүүр царай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар IJF-ийн нүүр царай боллоо

Х.Цагаанбаатар Олон улсын жүдо бөхийн холбоог дэлхийд төлөөлөх боллоо
Олон улсын жүдо бөхийн холбооноос Афины олимпийн хүрэл медальт /2004 он/, жүдо бөхийн дэлхийн аварга /2009 он/, Ази тивийн аварга, Азийн тоглолтын аварга, Зүүн Азийн наадмын аварга, “Дэлхийн цом”-ын аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарыг IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны нүүр царай болгох санал тавьжээ. Энэ хүсэлтээ Монголын жүдо бөхийн холбоонд хоёр хоногийн өмнө и-мэйлээр ирүүлсэн байна. Дэлхийн 168 орныг эгнээндээ нэгтгэсэн IJF-ын саналыг дэлхийн аварга Х.Цагаанбаатар болон манай жүдо бөхийн холбоо хүлээн авч танилцаад тэдний саналыг зөвшөөрсөн тухайгаа хариу илгээгээд байна. Ингэснээр албан ёсны гэрээ хийх ажил үлдэж байгаа бөгөөд тун удахгүй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Олон улсын жүдо бөхийн холбоо болон таван тивийн шилдэг жүдочдыг төлөөлөн дэлхийн нэр хүндтэй компаниудыг сурталчилж, IJF-ийн нүүр царай болох нь ээ.
Сонирхуулахад, өнгөрсөн оны ДАШТ-ий дараа IJF-аас ямар нэг тэмцээний үеэр дэвжээн дээр барилдаж байгаа жүдочид үзэгчдэд хялбар танигдаж байхаар арга хэмжээ авч, өмсгөлийн ар дээр бөхийн нэр, улсыг бичих стандартыг тогтоосон юм. Энэ оноос хэрэгжүүлж эхлээд байгаа бөхийн нэрийг хөх дэвсгэр дээр цагаанаар, үүнээс доош нэг см-ийн зайд улсын нэрийг хөх өнгөөр тус бүр 8 см өндөр, Arial MT фонтоор бичиж, доод талд нь тэмцээний нэр, ивээн тэтгэгчийн таних тэмдгийг байрлуулна гэсэн уг дүрмийг батлах үед IJF-ийн албан ёсны мэдээллийн сайтад дэлхийн аварга Х.Цагаанбаатарын нэрийг жишээ болгон танилцуулж байсан удаатай.
Монголын тамирчин жүдо бөхийг дэлхийд сурталчилж, дэлхийн нэр хүндтэй компаниудын нүүр царай болох ховор боломжийн эзэн болж байгаа энэ өдрүүдэд Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч өөрийн биеэр Монголд айлчилж байна. IJF-ийн ерөнхийлөгч, ноён Мариус Визэр өчигдөр өглөө өөрийн хувийн онгоцоор Монголд ирсэн бөгөөд тэрбээр өнгөрсөн жил Ази тивд болсон анхны “Дэлхийн цом”-ын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгад тусгайлан баяр хүргэж, үдийн зоог барихаар манай улсад иржээ. Дэлхийн аварга Х.Цагаанбаатарын  IJF-ийг төлөөлөн, тус холбоотой хамтран ажилладаг ивээн тэтгэгчдийг сурталчлах асуудлыг болон ирэх долдугаар сард Монголд зохион байгуулах “Чингис хаан” цомын тэмцээний бэлтгэл ажилтай холбогдуулж, жүдогийн холбооныхонтой санал солилцон, үүрэг даалгавар өгөх давхар ажил ч түүнд байгаа юм.
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ерөнхийлөгчийг Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа тэргүүтэй Монголын шилдэг жүдочид болон Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд онгоцны буудалд угтаж авсан байгаа. Тэрбээр өчигдөр төлөвлөгөөний дагуу Х.Баттулга сайдтай уулзсан бол өнөөдөр шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн заалаар орох юм. Очсон орон бүртээ жүдочдын бэлтгэлийн зааланд очиж, хөлс гаргадаг уламжлалтай Мариус өмнө нь буюу өнгөрсөн онд Монголд ирэхдээ шигшээ багийн зааланд бэлтгэл хийж байсан ОУХМ С.Мияарагчааг онцгойлон магтаж байсан удаатай. Тиймээс ч ноён Мариус хувийн зүгээс өндөр итгэл хүлээлгэж байгаа жүдоч С.Мияарагчаатай уулзаж, өнгөрсөн хагас жилийн хугацаанд “World masters” тэмцээнд түрүүлж, Европын цувралаас гурван мөнгөн медаль хүртсэн амжилтад нь сэтгэл хангалуун байгаагаа хуваалцсан байна.  Түүний төлөвлөгөөнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзах асуудал ч багтаж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар хараахан цаг нь тодорхой болоогүй байв.

·    IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо 1951 оны зургадугаар сард байгуулагдсан бөгөөд эгнээндээ 198 улсыг нэгтгэсэн холбоо юм. Африк тивээс 48, Пан-америкаас 41, Ази тивээс 39, Европ тивээс 50, далайн бүсийн орнуудаас 20 улсын жүдо бөхийн холбоод албан ёсоор IJF-д бүртгэлтэй байдаг. Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр Румыны Мариус Визер 2007 оноос хойш сонгогдон ажиллаж байгаа ба IJF-ийн төв нь Ирландын нийслэл Дублин хотноо байрладаг.

Б.Бадмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж