Цөмийн энергийн тухай хуультай болсон нь сайшаалтай ч улстөржүүлж байна гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Цөмийн энергийн тухай хуультай болсон нь сайшаалтай ч улстөржүүлж байна гэв

Төрийн ордны Их танхимд Уул уурхайн нэгдсэн чуулган болж байна. Тус чуулга уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид оролцож, санал бодлоо илэрхийлж байна. Уул уурхайн компаниудын төлөөлөгчдийн тэмдэглэснээр Монгол Улс Цөмийн энергийн тухай хуультай болсон нь сайшаалтай ч түүнийг улстөржүүлж  буй нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эргэлзээтэй байдал бий болгож, улмаар итгэл эвдэх хэрэг болж буй тухай шүүмжилж байна. Мөн Цөмийн энергийн тухай хуулийг бусад хуультай нь уялдуулж өгөөгүй, үндсэндээ Ашигт малтмалын тухай хуулийн заалтаас хуулбарласан нь энэхүү хуулийг эргэж харж, сайжруулах шаардлага байгаа гэв.  Түүнчлэн геологич н.Цогбадрах Оюутолгойн орд газрын 44 сая тонн зэсэд эргэлзэж буйгаа мэдэгдэв. Олон улсын жишгээр Оюутолгойн орд газрын 10-20 хувьд Монгол Улсын Засгийн газар хяналт тавьж, нөөц нь үнэхээр 44 сая тонн байна уу, үгүй юу гэдгийг хөндлөнгийн хяналт тавьж, баталгаажуулах ёстой. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл тэрхүү хөндлөнгийн хяналтыг Оюутолгойн орд газарт хийлгээгүй. Ингэж хаширлаад байгаагийн цаад шалтгаан нь биржийн компаниуд олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө “босгохын” тулд хуурмагаар нөөцийн хэмжээг өсгөж хэлдэг. Ийм гашуун сургамж 1995 онд Индонезид болж байсан. Тодруулбал, Канадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компани Индонези улсаас 500 сая тоннын нөөцтэй алтны орд газар илрүүллээ гэж дэлхий дахинд зарлаж, хувьцааг нь өндөр үнэ хүргэсэн. Гэвч тухайн орд газарт алт байгаагүй. Ийм алдааг дахин давтуулахгүйн тулд Оюутолгойн орд газрын нөөцөд олон улсын жишигт заасны дагуу гурван ч удаа хөндлөнгийн хяналтыг хийлгэх ёстой” гэв. Түүнчлэн уул уурхайн компаниуд гол мөрөн ширгээсний гол буруутан болж, хамгийн муу нэр зүүх болсон нь учир дутагдалтай гэж үзэж байна. Гол мөрний ус ширгэж байгаа нь дан ганц уул уурхайн компаниуд олборлолт хийснээс болж байна уу, эсвэл ой модоо хайр найргүй огтолж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гол мөрөн ширгэж байна уу гэдгийг эрдэмтдийн гаргасан судалгааг үндэслэн ярихгүйгээр муу л бол захын хар овоохой гэгчээр уул уурхайн компаниуд руу чихэх нь зохисгүй. Тэр дундаа ийм үгийг УИХ-ын гишүүд их хэлж байгаа учраас Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсөвт суулгасан 76 тэрбум төгрөгөөсөө хөрөнгө гаргаад эрдэмтдээр тусгайлан судалгаа хийлгэх шаардлагатай” гэсэн санаагаа ч тэрбээр хэлээд авлаа.
Чуулга уулзалт одоо завсарлаад байгаа бөгөөд тун удахгүй үргэлжилнэ.
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж