
С.Батболдын танхимаас хамгийн мундаг дууч нь Эрүүл мэндийн сайд С.Ламбаа гэдгийг Сангийн сайд С.Баярцогт зориуд зарлана лээ. 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, тэргүүн хатагтай О.Цолмон нар АНУ-ын Альяск мужид айлчлахад УИХ-ын зарим гишүүд, Г.Батхүү, С.Баярцогт, С.Ламбаа нарын нөхдүүд дагалдан явжээ. Тэгээд тус мужийнхан Ерөнхийлөгчид зориулан нутгийн уугуул иргэд индиануудын бэлтгэсэн тоглолт, дуу хөгжмийг үзүүлж. Тоглолт дууссаны дараа Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нарыг тайзан дээр үг хэлэхийг уриад, сүүлдээ авьяасаа үзүүлэх барих юм болж. Яг л манайхан шиг, хэ хэ.
Тэгээд жижиг ч гэсэн улсын төрийн тэргүүн байна даа, ямар тайзан дээр алиалаад байлтай биш, уурлая уурлаж чадахгүй, инээе инээж болохгүй гайхаж байтал хамт явсан гишүүд нь С.Ламбаа гишүүнийг түлхэж гаргаад “дуу дуул” гэсэн байна. Мань хүн Альяск мужид 10 000 үзэгчтэй тайзан дээр “Эрдэнэ” засгийн унагыг бүтэн дуулсан гэдэг. Харин маргааш нь тэднийг онгоцондоо суун суутал тааралдсан бүх хүмүүс С.Ламбаа гишүүнд баяр хүргэж байжээ. Тиймээс С.Ламбаа сайдын хувьд танхимынхан дотроо хамгийн “извесьтный” дуучин.
Б.ЗАЯА