
Эх орноосоо урвасан тагнуулчийг анх удаа илрүүлж төр гэсгээсэн талаар ойрдоо баахан шуугив. Хоёр ч шатны шүүх түүний гэм буруутайг тогтоож төрийн төмөр нүүрийг харуулжээ. Яг үнэндээ Ц.Жаргалсайханы хийсэн гэмийг яг таг мэдээлээгүй болохоор юунаас болж түүнийг 17 жил шоронд хатаах шийдвэр гаргасныг өнөөдөр мэдэх хүн алга. Аав нь ч мэдэх эрхгүй нууц юм гэсэн. Хүн алж хүрээ талахаас ч ноцтой үйлдлийг тэр хийсэн гэдгийг л хүмүүс бүдэг бадаг ойлгож байна.Тэгж ч ойлгуулж байгаа. Хуульд юу гэж заасан байна, тэр дагуу шийдвэрээ гаргах ёстой болохоор шүүхийнхэнд буруу өгөх ч хаашаа юм. Хамгийн гол нь сонинд сурвалжлагчаар ажиллаж байсан хүнийг төрийн нууц хариуцах хэмжээний албанд томилсон тэр хүнийг л гайхаад байна. Магадгүй аав нь түүнийг төрд ажиллуулахаар “мотордсон” байж болно. Хэн ч хаана ч ажиллах эрхтэй боловч бичигдээгүй хууль гэж амьдралд байдаг. Сэтгүүлч хүний ясны гэмээр чанар нь ямар ч нууцыг хав дарж чаддаггүй явдал. Ялангуяа хаалттай, шинэ содон мэдээлэлтэй ойр байсан ямар ч хүн заавал хэн нэгэнд хүргэх гэж эрхгүй хүсэх нь мэдээж. Тангараг, эрхэм үүргээс илүү цээжинд хадаатай явдаг гэмээр ч юм уу. Зөвхөн Ц.Жаргалсайхан гэдэгтээ ч биш. Угаасаа аливаа төр жирийн иргэнээсээ гадна тухайн нийгмээсээ нуух юмтай байдаг. Харин сэтгүүлч хүн л түүнийг нь ил болгох үүрэгтэй шүү дээ. Тийм болохоор мэргэжилдээ үнэнч байсан гэж бодвол түүнийг өмөөрмөөр санагдана. Гадуур яригдаж байгаагаар бол интернэтээр дамжуулсан түүний мэдээлэл тийм ч “халуун” эд биш байсан гэх. Жирийн байдаг л материал гэж хамт ажилладаг хүмүүс нь ч хэлсэн байсан. Гол нь хууль бол чулууг уул болгож, уулыг хайрга болгох шидтэй учраас түүнийг унагая гэсэн өнцгөөс л хандаад байх шиг. Цаад орос нөхөр нь нэлээд анхаарал татахаар хүн байсан учраас түүнийг хэрэгт хутгах том шалтгаан болоод байгаа сурагтай. Урвагч гэсэн шошготой малгайг түүнд өмсгөх гэж хуулийнхан хэт яарч байгааг ч харж байна. Хачирхалтай нь хөшигний цаана энэ бүхнээ хийж байгааг л олж мэдэх арга алга. Мэдэх гээд ч хэрэггүй юм шиг байна. Хамаагүй хошуу дүрвэл нууц задалсан хүний нууцыг мэдэх гэж оролдсон гээд дээлээ нөмөрч магадгүй биз. Харин урвагчийг бус Ц.Жаргалсайханыг уучлаач гэж гуйж болох байх гэж бодно. Ийм л цаг үе ирж дээ.
Н.МӨНХТӨВШИН
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин