
Энэ сарын 20-нд эхэлсэн 100 буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн Их мастер Д.Эрдэнэбилэг аваргын төлөөх тоглолтод Узбекистаны их мастер Алишев Артиковыг хожсоноор Азийн аваргад дөрөв дэх удаагаа түрүүллээ. Тэрбээр хүүхэд байхаасаа л шатар болон зохион бүтээгчийн дугуйланд явдаг их идэвхи, зүтгэлтэй хүүхэд байсан гэдэг. Хичээл ном гэхээсээ илүүтэй дугуйлангаар их эргэлдэнэ. Д.Эрдэнэбилэг хамгийн анх 1991 онд 13 настайдаа Казахстанд өсвөр үеийн даамчдын уралдаанд оролцож, есдүгээр байрт шалгарч өөртөө өнөөдрийг авчирах эхлэлийг тавьсан гэхэд болно. Багаасаа өөртөө өндөр зорилго тавьж зүтгэсэн түүнийг өнөөдөр дэлхий танина. Учир нь эдүгээ дэлхийд 40 гаруй сая мэргэжлийн даамчин байдаг бөгөөд Д.Эрдэнэбилэг дээрээсээ 32 дугаар байрт яваа. Харин Монголдоо нэгдүгээрт явдаг. Манай тамирчин Азийн аварга болсноор ирэх оны тавдугаар сард Голланд улсад болох 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжтой болсон. “Нэгэнт даамаар Монголдоо нэгд юм чинь, бизнест бас хүч үзээд алдая гэх бодол ер нь төрөөд байх болсон шүү” хэмээн ярих энэ залуугийн хүссэн болгон нь биелэх цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Б.ЭНХМӨНХ
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин