Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн улирлын тоймыг өнгөрсөн мягмар гарагт танилцууллаа. Тэд өөрсдийн хийсэн судалгаандаа тулгуурлан уул уурхайн орлоготой уялдан төсвийн тэнцэл болон гадаад худалдааны эрс сайжирсан гэсэн өөдрөг дүгнэлт хийсэн юм. Түүнчлэн гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалан үр тарианы үнэ багагүй хувиар өссөн, төрийн албан хаагчдын цалинг нэмсэн зэрэг шалтгаанаар ирэх саруудад инфляцийн дарамт буурахгүй байх магадлалтайг онцоллоо. Мөн сонгуулийн жил ойртож байгаа учраас улстөрчид хямралаас авсан сургамжаа умартаж, шаардлагатай үед гаргасан хууль тогтоомжуудаа хэрэгжүүлэхээс зайлсхийх, үргүй зарлагаа нэмэгдүүлэх оролдлого хийж болзошгүй гэдгийг ч сануулсан юм. Дэлхийн банкны үзэж буйгаар энэ бүхэн УИХ-д тулгарч болзошгүй хамгийн том бэрхшээл байх гэнэ. Гэвч үнэн хэрэгтээ улстөрчид буруу шийдвэр гаргах нь УИХ-д бус, жирийн иргэдэд хамгийн их дарамт, бэрхшээл болдог. Тиймээс Дэлхийн банк УИХ-д “Иргэдээ эвгүй байдалд оруулах алхам хийж болохгүй шүү” гэсэн сануулга өгсөн бол илүү зохимжтой байсан ч юм уу.
“ЭНЕРЖИ РЕСУРС”-ИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР
Монголын уул уурхайн үндэсний компани энэ сарын 13-нд олон улс хөрөнгийн бирж дээр анх удаа хувьцаагаа арилжсан билээ. Энэ бол Хонконгийн бирж дээр амжилттай тоглож байгаа манай улсын нүүрс олборлох салбарын тэргүүлэгч компани болох Mongolian mining corporation /ММС/ буюу “Энержи ресурс” компани юм. “Гараа сайн бол бариа сайн” гэгчээр тус компанийн анхны арилжаа амжилттай болсон төдийгүй өнгөрсөн долоо хоногийн турш хувьцааны ханш нь өсөв. Тодруулбал, ММС-ийн нэгж хувьцаа анх 7.02 хонконг доллараар үнэлэгдэж байсан бол даваа гарагийн үдээс өмнө 8.94, үдээс хойш 9.30 доллар болж тасралтгүй өссөн юм. Харин мягмар гарагт улам өсч нэгж хувьцааны дээд үнэ 9.72 болсон. Энэ нь ММС-ийн хувьд өнгөрсөн долоо хоногийн арилжааны хамгийн өндөр үнэ байлаа. Мөн лхагва, пүрэв, баасан гарагт ханш сүйдтэй доошлоогүй 9.32-9.47 хонконг долларын хооронд хэлбэлзэж байв. Өдгөө ММС-ийн 975 дугаартай хувьцаа Хонконгийн бирж дэх өндөр үнэтэй хувьцаануудын тоонд багтаж байна. Ийнхүү “Энержи ресурс”-ын босгож буй хөрөнгө өдөр, сараар бус, цаг, минутаар нэмэгдэж эхэллээ. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Ямартай ч, Монголын баялгаар гадныхан бус, эзэд нь өөрсдөө хөрөнгө босгож байгаа нь хөрөнгийн зах зээлийн салбарт хөг нэмсэн үйл явдал боллоо.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” МЭНДЭЛЛЭЭ
Засгийн газар өнгөрсөн лхагва гарагийн ээлжит хуралдаанаараа “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани байгуулах тухай асуудлыг хэлэлцээд эцэслэн баталлаа. Энэ компанийн дүрмийн санд шаардлагатай хөрөнгийг “Эрдэнэс МГЛ” компани гаргахаар болсон. Мөн тус компани нь 15 тэрбум ширхэг хувьцаа эзэмших эрхтэй байх бөгөөд нийт хувьцааных нь 10 хувийг Монгол Улсын иргэн бүрт хуваан эзэмшүүлэх, мөн 10 хувийг дотоодын компаниудад нэрлэсэн үнээр худалдах тогтоолыг УИХ баталсан юм. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 30 хүртэлх хувийг дотоодын болон олон улсын хөрөнгийн биржээр арилжаалах шийдвэрийг ч гаргасан. Ингэснээр эх орныхоо баялгаас иргэн бүр хувь, хишиг хүртэх, байгалийн баялгаа жинхэнэ утгаар нь хөрөнгө, ашиг болгон хувиргах боломж нээгдэж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани нь зөвхөн төр, иргэнд ашиг хуваарилах үүрэг гүйцэтгэхгүй. Тавантолгойн нүүрсний ордод хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаагаа явуулах учиртай. Улмаар боловсруулах үйлдвэр байгуулах, дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх үүрэг хүлээх юм.
МОНГОЛБАНКНЫХАН УХААН ОРОВ
Монголбанкныхан “Инфляци тогтворжих хандлагатай байгаа учраас удахгүй бодлогын хүүг нэг пунктээр бууруулна” хэмээн мэдэгдээд багагүй хугацаа өнгөрч байна. Гэвч энэ шийдвэрээ албан ёсоор гаргах зориг нь арай л дутаад байв. Гэтэл нөхцөл байдал өөрөөр эргэж, тэгэх шаардлагагүй гэдгийг нь нотлоод өгөв. Хэдийгээр эдийн засагт нааштай үр дүн гарч байгаа ч инфляци буурах нь бүү хэл, тогтворжих хандлага ажиглагдахгүй байна гэдгийг гадаад, дотоодын экпертүүд удаа дараа санууллаа. Энэ сард цалин нэмсэн, иргэдэд бэлэн мөнгө тараах ажил үргэлжилж байгаа гэх мэт шалтгаанаар инфляци өсөх хүлээлт байсаар л байна. Мөн ирэх оны төсвийн алдагдал харьцангуй бага байх төлөвтэй ч эрхэм гишүүд нийт алдагдлаас илүү мөнгө өөрсдөдөө хуваарилах гэж улайрч байгаа нь өндөр эрсдэл дагуулж байна. УИХ-ын 76 тойрог тус бүрт 2.5 тэрбум төгрөг хуваарилах юм бол 190 тэрбум болно. Тэгэхээр төсвийн алдагдал ноднингийнх шиг дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас даваад явчихна гэсэн үг. Ийм эгзэгтэй үед төв банк бодлогын хүүгээ бууруулах юм бол инфляцийг эргүүлж тогтоож чадахгүйгээр алдах аюултай байсан. Харин Монголбанкныхан гэнэт нүдээ нээв бололтой “Бодлогын хүүгээ бууруулахаа азная. Ер нь болохгүй юм байна” хэмээн баасан гарагт мэдэгдсэн юм.
Ч.ДАШДЭЛЭГ
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин