
Яг одоо намын даргаа солимоор байна
Яг одоо Хамтарсан Засгийн газраас гармаар байна
Яг одоо би намын дарга болмоор байна
Яг одоо л…ямар ч аргаар хамаагүй Н.Алтанхуягийг буулгамаар байна…
Хөнгөн хэмнэл, хөгжилтэй дууны темпээр өгүүлэхэд Ардчилсан нам дахь уур амьсгал нэг иймэрхүү. Тэдний хооронд ирэх сард болох Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар намынхаа уур амьсгалыг хурцалсан шиг хурцалж, дайтсан шиг дайтах бөөн, бөөн эрх ашиг байна. Бөгтийж унах намрын навч мэт Н.Алтанхуяг даргынхаа улс төрийн карьерийг хөл дороо гишгэлж, “Алтангадас” фракцийг Ардчилсан намын үнэгүйдлээр далимдуулан хүчгүйдүүлэх ашиг сонирхлууд ч бас бий. Ийм сонирхлын дор нэгдсэн дараагийн эгнээний улстөрчид нэгдүгээр эгнээ рүү зай эрэлхийлж, улс төр гэгч бохир тоглоом дунд уртаа гэгчийн амьсгаа авахыг хүсч буй.
Тэдний төлөө алга таших галзуу улаан фенүүд нь “Та л дарга бол. Тэгвэл манай нам аврагдана” хэмээн хөөрцөглөнө. Үнэн хэрэгтээ намын дараагийн дарга хэн ч байлаа гэсэн ялалт фенүүдийн бус гагцхүү шинэ даргын гарт л гэрэлтэнэ. Улс төр гэдэг угаас уучилшгүй өс авагчдын тоглоом гэх яриа байдаг. Хэн нэгнийг гишгэж байж дээшээ гарах, эс бол хэн нэгнийг өмнөө сөхрүүлсэн ялалтаар кайф авагч хүмүүсийн зэрлэг тоглоом.
Ийм ч учраас өдгөө Ардчилсан намын даргын төлөөх тоглоомд З.Энхболд гишүүн оролцоно гэдгээ ил тодоор мэдэгдсэн. Үүнд нь мэгдэж, сандарсан Н.Алтанхуяг дарга нь хоёр жилийн дараа гэнэт “Ардчилсан намынхан болих хэрэгтэй” гэсэн ач холбогдолгүй үгээр өөрийгөө чимэв. Хамтарсан Засгийн газрын гэрээний үр дүнг хэлэлцэх намынхаа Үндэсний зөвлөлдөх хорооны хуралд тэрбээр дээрх үгээр өөрийгөө үнэ хүндтэй оролцоно хэмээн бодож байж болох. Гагцхүү эсрэг талын хүчтэй тэмцэгчид нь түүнийг “МАХН-ыхан биднийг чамаар дамжуулан ашиглаж байна” гэдэг хүчтэй ганц үгээр л хүнд цохилтод оруулахаа мэдэж байгаа. Энэ үгийг З.Энхболд гишүүн гэхэд л ямар их далайцтай, ямар их үнэмшилтэйгээр хэлэхээ сайн мэднэ.
Тэгвэл түүний дэргэд Ардчилсан намын залуус Л.Гантөмөртөө сахиусан тэнгэрийн баг зүүлгэхээр зэхэж буй нь илхэн. Хэдийгээр бүгд “Л.Гантөмөрийн үе болоогүй” гэдгийг мэдэж байгаа ч МАХН-ын залуусын дэргэд өөрсдийгөө хэн ч биш болгож буй намынхаа удирдлагад хатуу үг хаяглахгүйгээр тэсч өнгөрөх нь юу л бол. Ядаж л энэ удаад биш юм гэхэд дараагийн удаад Л.Гантөмөр шүү гэдгийг тэд сануулах ёстой. Эс бөгөөс үе нь солигддоггүй, ардчиллын 20 жилийг өөрсдийнхөө нүүрээр чимж ирсэн хуучин лидерүүддээ “Үеийн шинэчлэлт хийх хэрэгтэй” хэмээн сануулж байж л дараагийн дайралтаа үнэд хүргэх учиртай.
Харин Л.Гантөмөр, З.Энхболд гэсэн хоёр нэрийн хооронд сугарч гарч ирэх нэг болзошгүй хүн нь яах аргагүй Х.Баттулга. Ардчилсан намынхан хамтарсан Засгийн газрыг муулдаг хэрнээ, Х.Баттулга сайдыг элдвээр гоочилж чаддаггүй гэмтэй. Улс төрд орсон хугацаа нь богино ч урагшилж эзэлсэн талбай нь хэтэрхий өргөн түүнийг өнөөдөр хэн тогтоон барих вэ. Хамтарсан Засгийн газрын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын албыг чимээ шуугиангүй хэрнээ нэр хүндтэй хашиж буй түүнд өөчилж гоочлох ямар дутагдал байгааг олж харах байтал сохорсон МоАХ гэгчийн хүч өнөөдөр намдаа ямар байгаа билээ. Наад зах нь, тэрбээр нэг хэсэгтээ гараас нь зугатаж холдсон нийслэлийн Ардчилсан намыг өөрийн мэдэлд авч чадсан байгаа. Дээр нь “Алтангадас”-ыг айлгах эдийн засгийн хангалттай хүчтэй. Иймд түүний хувьд Ардчилсан намын даргын албыг мөрөөдөж суухаас илүү мөрлөж, эзлэх боломж бий. Үүн дээр Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог ч тэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийнхоо дотно хамтрагч болох Ц.Оюунгэрэлээр дамжуулан атгаж чадна. Энэ бол З.Энхболд, Л.Гантөмөр нарын сонирхлоор өөрийгөө өндөрт өргөх илүүрхэл нь. Тэгэхээр Х.Баттулга биш гэж үү.
Харин Э.Бат-Үүл, Р.Амаржаргал нарын хувьд улс төрийн баруун, зүүн онолын мөн чанарыг ярилаа, ярилаа гээд хол явах нь үгүй. Ядахад Ардчилсан намд өөр өлгөөд авчих өөрийн гэх хүчтэй улс төрийн лидер үнэндээ байхгүй. Энэ бол Ардчилсан намын МАХН-ын удирдлагуудад доромжлуулж буй үндсэн шалтгаан. Иймээс л ирэх сард болох Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр яригдах намын даргын сэдэвт энэ гурван нэр л эргэлдэх биз ээ. Эс бол Н.Алтанхуягаар дамжуулж, намаа элгээр нь мөлхүүлэх үндсэн сонирхол. Тэртээ тэргүй ирэх сонгуульд Ардчилсан намыг МАХН-аас ялгаж, санал өгөх сонгогч ховорхон болоод байгаа энэ үед шүү дээ. Тиймээс яг одоо яамаар байна, Ардчилсан намынхан гэж асуумаар байна.
Яг одоо…
Г.ОТГОНЖАРГАЛ
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин