
-Сүүлийн гурван жил гаруйн хугацаанд болсон хямралын улмаас АНУ-ын эдийн засаг туйлдаж байна гэх болсон. Түүнчлэн энэ бол ойрын хэдэн 10 жилд тохиолдож байгаагүй том хямрал байлаа. Одоо тэр бүхэн эцэслэж чадав уу?
-Үгүй. Магадгүй та “Lehman Brothers” дампуурлаа зарлах үеийн тэр долоо хоногийг хямралын оргил үе гэж нэрлэж байж магадгүй. Гэхдээ ихэнх америк хүний хувьд ажлын байр олдох нь уу, үгүй юү гэдэгт л хамгийн их санаа зовж байгаа.
-Тэгэхээр ажил эрхлэлтийн тухай энд ярих хэрэгтэй болох нь ээ?
-Өнөөдөр Америкт бүтэн цагаар ажиллахыг хүсч байгаа зургаан хүн тутмын нэг нь ажлын байр олж чадахгүй байна. Ажилгүйдлийн түвшин улам бүр нэмэгдсээр байхад хямрал дууслаа гэж хэлж болохгүй. Ойрын нэг, хоёр жилдээ энэ байдал өөрчлөгдөх үү гэдэг асуулт үүнээс урган гарна.
-Та үүнд юу гэж хариулах вэ?
-Би бол үгүй гэж хэлэх байна. Харин ч нөхцөл байдал улам муудаж магадгүй.
-Та эдийн засаг уналтад орно гэх гээд байна уу?
-Өсөлт нь зогсонги байдалд орж магадгүй гэх гээд байна. Уг нь бол өнөөдөр эдийн засгийн өсөлт хурдацтай өрнөж, шинэ ажлын байр олноор бий болгон ажиллах хүчний зах зээлийг тэлэх замаар цаашлаад төсвийн алдагдлаа бууруулах хэмжээнд хүрсэн байх ёстой. Гэтэл 2010, 2011, бүр 2012 онд ч ямар ч ахиц дэвшил гарахгүй дүр зураг харагдаад байгаа юм. Одоо 15 сая хүн ажилгүй болчихоод байна. Нийт 26 сая америк хүн бүтэн цагийн ажил хийх боломжгүйд хүрчээ. Энэ л хамгийн гол асуудал юм.
-Ажилгүйдэл газар авч байгаа гэдгээс өөр асуудал байна уу?
-Түүнээс гадна америкчуудын ихэнх нь орон сууцаа алдахад хүрээд байгаа. Нарийн тооцох юм бол дөрвөн америк хүн тутмын нэг нь моргейжийн зээлийн “намгаас” гарч чадахгүй байна. Орон сууцны зах зээлд 2007 онд үнийн хөөрөгдөл бий болж, тухайн үед оргилдоо хүрлээ хэмээн шуугиж байсан. Гэтэл өнөөдөр дээрдсэн юм алга. Америкчууд тэтгэврийн санд хуримтлуулсан мөнгө, коллежид боловсрол эзэмшихэд зарцуулах хөрөнгөөсөө зээлээ төлөх болчихоод байна.
-Моргейжийн зээлийн хямралаас гарч чадахгүй байгаа тэдгээр хүмүүсийн төлөө юу хийх ёстой вэ. Хөрөнгийг нь битүүмжлэх юм уу?
-Тэр бол түр зуур өвчин намдааж байгаатай адил. Энэ асуудал олон арван жилийн турш хуримтлагдаж, ужгирсан гэдгийг ойлгох ёстой. Зөвхөн сүүлийн гурван жилийн тухай энд яриагүй байна.
-Тэгвэл үнийн хөөрөгдөл бий болохоос өмнө юу болж байсан юм бэ?
-Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийн хөөрөгдөл бий болохоос өмнө санхүүгийн байгууллагууд зээлийн тогтолцоонд шунаж байсан. Тэд моргейж гэгч “бараа”-г их хэмжээгээр үйлдвэрлэж байлаа. Америк гэр бүлүүдийн хувьд нэг үгээр бол байр худалдаж авахын тулд хамгийн өндөр төлбөр төлж байсан юм. Тэд мөлжүүлж байсан. Үүнийг батлах хангалттай баримтууд бидэнд бий.
-Холбогдох албаны хүмүүс үүнийг шалгаагүй гэж үү?
-Холбооны мөрдөх товчоо ч үүнд анхаарч, хууран мэхлэлтийн шинжтэй гэмт хэргүүдийг мөрдсөөр ирсэн. Үнэндээ нүүрэн дээр бүх юмын зөв явагдаж байгаа юм шиг хэрнээ цаанаа хууль бус үйлдэл хийж байсныг нь бид өнөөдөр харж байна.
-Хууль бус үйлдэл газар авсан тухай бид ярьж байна уу даа. Гэхдээ уг нь техникийн хувьд хууль ёсных байсан юм биш үү?
-Мэдээж хэрэг, энд эдийн засагчдаас илүүтэйгээр хуульчид зөв хариултыг хэлж чадах байх. Хамгийн гол ойлгох ёстой зүйл бол манай нийгмийн үзэл хандлагын тухай юм. Энэ бүхэн үнэхээр хуулийн доорх, зөв тогтолцоо юм бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй л байх байсан. Хүмүүст “Та энд гарын үсэг зурсан. Тэгэхээр та үүнийг дэмжиж, хуулийн дагуу ажиллаж байна” гээд хэлэхэд болчихдог. Гэтэл бид ямар нэг юм болохгүй байна гэдгийг мэдээд л байгаа. Банкуудыг ийм зүйл хийхэд хүргэхгүй байхын төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээ цөөнгүй шүү. Гэтэл нөгөө талаас улс төрийн нөлөөлөл энд ороод ирдэг.
-Тэгэхээр том банк, корпорациуд манай улс төрийн тогтолцоонд нөлөөлж байна гэж ойлгож болох уу?
-Маш ойлгомжтой асуудал. Эдийн засгийг хямралаас гаргахын тулд АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээг л хар. Тэд банкуудад их хэмжээний зээл олгож, дампуурахаас нь сэргийлж чадсан. Жинлүүрийн нэг талд хэдэн цөөн банк байхад нөгөө талд нь 300 сая америк хүн байсан. Ойролцоогоор тав, зургаан банк 300 сая хүнтэй тэнцэж байна гэхэд болно.
-АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээ бүхэлдээ буруу юм уу?
-Бид зарим газарт нь хийх ёстой зүйлээ хийснийг үгүйсгэхгүй. Тухайлбал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах агентлагууд байгуулсан шүү дээ. Гэхдээ массаар нь авч үзэх юм бол зөв зүйл хийхгүй байна. Яагаад гар утас үйлдвэрлэгчдэд чанаргүй зээл олгох замаар дампуурлаас сэргийлэх нь зөв. Яагаад моргейжийн зах зээлийн хямралд өртөөд байгаа хүмүүст зээл олгох нь буруу гэж. Энд нэг их ялгаа байхгүй. Зүгээр л лобби, мөнгө хөрөнгө гэх мэтийн зүйлс байгаа.
-Тэгвэл улс төрийн хүчний зүгээс корпорациудад хандив, дэмжлэг үзүүлж байгааг хязгаарлах хэрэгтэй гэсэн үг үү. Таны бодлоор ингэхийн тулд юу хийх ёстой вэ?
-Корпораци гэдэг хуулийн дагуу бие даасан нэгж. Бид түүнийг бүтээдэг. Ингэхдээ янз бүрийн хууль дүрмийг баталдаг. Магадгүй корпорациуд дампуурлын ирмэгт очиж болно. Өөрөөр хэлбэл, энэ нь тэд илүү их мөнгө зээлнэ гэсэн үг. Тэд байгаль орчныг сүйрүүлж ч болно. Тийм учраас хуулийн дагуу зөвшөөрөгдсөн нэгжүүдийн үйл ажиллагаанд нөлөөлөх эрх бидэнд бас бий. Ерөнхий үндсэн зарчмуудыг нь онцолж, тодотгодог. Гэхдээ биднийг хууль биш, байгаль бүтээсэн шүү дээ. Харин корпораци, нэгдлүүдийг бол хүмүүс бүтээсэн. Тиймээс тэд манай нийгмийн, хүмүүсийн төлөө үйлчлэх ёстой.
-Та илүү тодорхой тайлбарлаж өгөөч?
-Хэрэв чи хэн нэгнийг ажилтнаа болгож, хөлслөн авч байгаа бол түүнд мөнгө өгөх ёстой. Тэдэнд тодорхой хэмжээний мөнгийг захиран зарцуулах эрх олгоно гэсэн үг. Корпорациуд бол үндсэндээ хувьцаа эзэмшигчдийн мэдэлд байдаг. Тэгэхээр хувьцаа эзэмшигч нь корпорацийн эзэн гэж хэлж болно. Тэд өөрсдийгөө төлөөлөн тодорхой түвшинд шийдвэр гаргуулж байхын тулд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгодог. Хэрэв та хувьцаа эзэмшигчдийнхээ мөнгийг дээрэмдэх гэж байгаа бол үүнийг тэд зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Харин Америкт корпорациуд дээрх эрхийг эсэргүүцэж байна. Хувьцаа эзэмшигчийнхээ хувьд корпораци миний төлөө ажиллахыг хүсч байгаа. Гэтэл тэд үгүй гээд байдаг.
-Жишээлбэл?
-Жишээ нь, “Бритиш Петролиум” байна. Би хувьцаа эзэмшигч нь биш л дээ. Гэхдээ хэрэв байсан бол бид тэднийг үйл ажиллагаагаа аюулгүй явуулахыг хүснэ. Би тэднийг байгаль орчин, улс орныг бохирдуулаасай гэж хүсээгүй. Тийм учраас “Бритиш Петролиум”-ын хувьд олон нийтийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлах ёстой гэж хэлэх гээд байна. Бидэнд үүнийг шаардах эрх байхгүй гэж үү.
-Өнөөдөр банкуудад улс төрийн нөлөөлөл хэр тусч байна вэ?
-Энэ бол тийм ч таатай зүйл биш. АНУ-ын Конгрессын зарим гишүүд энэ талаар саналаа оруулах болсон. Банкуудын хувьд тэд чанаргүй зээл гаргаагүй юм шиг л аашилж байна. Тэд бодит байдал дээр юу болоод байгааг мэдэхийг ч хүсэхгүй байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ санхүүгийн тайлан тооцоогоо шинэчлэж, стандартаа чангатгах цаг нь болчихоод байна. Ингэж байж л эргэн төлөгдөх зээлийн чанар нь сайжирна. Банкууд алдагдлаа нууж ч байж магадгүй. Үүнийг нотлох боломжгүй байгаа шалтгаан нь бодлогын хүүтэй холбоотой.
-Бодлогын хүү юү?
-Тийм. Засгийн газар бодлогын хүүгийн түвшинг маш бага байлгах сонирхолтой байна. Үүнийгээ ч хийж байгаа. АНУ-ын төв банк болох Холбооны нөөцийн сан бодлогын хүүг тэг рүү ойртуулах болсон. Ийм үед зээл авна гэдэг ойлголт тун хялбар болж, харин түүний цаана чанартай, чанаргүй эсэх нь нуугдмал хэвээр үлдэж байгаа юм.
-Тэгэхээр төрөөс зарцуулж байгаа мөнгө үр ашгаа өгөхгүй гэж үү?
-Засгийн газар банкуудад маш бага хүүтэй зээл олгож байна. Харин банкуудын хөрөнгө иргэдэд очихдоо өндөр хүүтэй болчихдог. Зөрүүг нь хэн аваад байна вэ. Зарим хэсэг нь банкируудын халаасанд орж байгааг үгүйсгэх аргагүй. Хэрэв бид энэ бодлогоо хэвээр үлдээж, хэрэгжүүлсээр байх юм бол эдийн засгийн сэргэлт болох цаг хугацаанаас төдий хэмжээгээр холдно. Учир нь эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ, иргэдийн гар дээр очиж байгаа мөнгө хоёрын зөрүү улам бүр ихэснэ гэсэн үг.
Т.ЭЛИСАЗохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин