
Тэрбээр Засгийн газар, УИХ-ын гишүүдийн хүсэл зоригт нийцүүлж ажиллах ёстой гэдгийг л хачин сайн мэднэ. Тэгэхгүй бол А.Батсүх шиг өргөдлөө өгөөд гарахаас аргагүй болно.
Тиймээс дэлхий дахин, наанадаж хоёр хөрш нь мөнгөний бодлогын хүүгээрээ тоглож инфляцийг онилж байгааг нүдээ анин чихээ бөглөөд өнгөрөөх нь дээр гэж үзжээ. Ингээд “Инфляцийн сарын өсөлтийн хурд буурч байгаа. Энэ нь Засгийн газар, Монголбанкны ажлын үр дүн юм” гэсэн тэнэг дүгнэлтээр ам тагласаар байна.
Бодит байдал дээр иргэдэд бэлэн мөнгө тараагаад, цалинг нь 30 хувиар нэмээд байхад инфляци нэмэгдэхгүй гэдэгт хэн итгэх юм бэ. Дэлхийд байхгүй ийм зүйлийн өмнө Монголын банкирууд гутамшигтайгаар толгой гудайх болсон нь улстөржилттэй л холбоотой. Монголбанкны ерөнхийлөгчийг улс төрийн томилгоогоор томилдог, тэр хүн нь их улстөржилтийг сөрж эдийн засгаа аврах хүсэл зориггүй байгаа цагт энэ гутамшиг арилахгүй. Улс төрийн томилгоогоор очиж буй нөхөрт эдийн засгийн өндөр мэдлэг чадвар, төрийн албаны шударга чанар, ёс суртахуун, инфляцийг урьдчилан харж, мөнгөний бодлогоор зохицуулах том урлаг аргагүй дутаж буйг дуугүй хараад суух аргагүй. Уг нь энэ урлагаар таван жил хичээллээд онц дүн тавиулчихаад ирсэн хүнийг УИХ-ын дарга Ц.Нямдорж олж ирээд томилж байлаа. Хариуд нь томилсон, томилуулсан хоёр шударга бусын өмнө толгой гудайн ажлаа өгсөн.
Хэрэв би Монголбанкны ерөнхийлөгч байсан бол мөнгөний бодлогын хүүг өсгөж байгаад ч хамаагүй инфляцийг унагах байсан. Инфляцийг унагахгүй л бол өнөө хэдэн арилжааны банкийг нь татаад унагачихна шүү дээ. Өнөөдөр эдийн засагчид, арилжааны банкуудын удирдлагууд зээл өгөөд л байвал Монгол хөгжинө гэж ярих болж. Уучлаарай, энэ андуурал байх аа. Чанаргүй зээлийн хэмжээ өсөхөөр юу болдог, хэн хохирдгийг өнгөрөсөн хугацаанд хангалттай амслаа. Хохирлыг төр барагдуулдаг юм байна. Тэнд миний татвар төлсөн мөнгө, хөлсний минь дусал яваа. Би өгсөн төнгөө тийм зүйлд зарцуулмааргүй байна.
Арилжааны банкууд зээл олгохдоо цаанаа эрсдэлтэй тулгарахад хэрэглэх нөөц, хуримтлалаа үлдээдэг байх ёстой гэдгээ 2007 оны их хямралын дараа л ойлгосон юм. Монголбанкны экс удирдлагуудын арилжааны банкуудыг удирдах арга барилын ялгаа ч энд илэрч байв. Харин өнөөдөр арилжааны банкууд гэнэтийн эрсдэлтэй тулгарахад нөөцтэй эсэхэд би л лав эргэлзэж байна. Монголбанкнаас мэдээлсэн тоог харцгаая. Монголд 14 арилжааны банк бий. Тэдгээр нь гурван их наяд төгрөгийг төвлөрүүлж байгаа. Үүнээс банкуудын өөрийн хөрөнгө нь ердөө 252.1 тэрбум төгрөг байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл өөрийн хөрөнгөөсөө 12 дахин их хадгаламж төвлөрүүлээд байгаа бөгөөд иргэд хадгаламжаа татаад авчихвал арилжааны банкууд бүгдээрээ дампуурахад бэлэн байна гэсэн үг. Энэ тохиолдолд банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлье гэсэн Л.Пүрэвдоржийн санаа зөв л дөө. Гэхдээ хийх арга нь биш.
Банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх Л.Пүрэвдоржийн төлөвлөгөө Засгийн газрын хуралдаанаар орохын өмнө буцчихаад байдаг. Үүний нууц нь арилжааны банкуудад өөрийн зохист хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэхэд өгч буй хугацаа нь тун боломжгүй байгаад оршино. Магадгүй бага хугацаанд хөрөнгөө нэмэгдүүлэх боломжгүйг мэдсээр байж гарах гарцгүй төлөвлөгөө хийснийг нь арилжааны банкны удирдлагууд мэдрээд төр, засагт хов хүргэснээс өнөөдрийг хүртэл түүний төлөвлөгөө хэрэгжихгүй байгаа ч юм билүү.
Арилжааны банкуудыг цөөрүүлэх, чадваржуулах хэрэгтэй гэдэгтэй санал нийлэх эдийн засагч, банкир цөөнгүй байдаг. Гэхдээ арга нь ийм шударга бус байж болохгүй шүү дээ. Удаан хугацаанд зөв ажиллах боломжийг олгоод, Монголбанкнаас дэмжээд өгвөл бүгдээрээ хөл дээрээ босч зузаатгал хийх гарц байж л таарна. Харин 45 хоногийн дотор нэмээгүй бол төр мэдэлдээ авлаа гэдэг болзол арай л хатуудаад байгаа юм. Магадгүй, шударга бус аргаар ийм хугацаанд асар том зузаатгал хийж болох л байх.
Эцэст нь хэлэхэд би Монголбанкны ерөнхийлөгч байсан бол УИХ-аас баталж өгсөн Банкны тухай хуулийн заалт бүхнийг хэрэгжүүлж болмоор санагдах юм. Таалагдсанаа биш шүү. Наанадаж Монголбанк Засгийн газраас хараат бусаар ажиллах боломжийг хангаад өгчихсөн. Үүнийг баримтлаад явахад Засгийн газрын хэт хавтгайрсан халамж эдийн засгийн халалт үүсгэх гээд байгааг УИХ дээр хайр найргүй шүүмжлээд, энэ бодлогыг хэрэгжүүлэх нь аюултай гээд явах эрх бий. Ингэлээ гээд огцрох өргөдлөө өг гэж шахна л биз, яадаг юм. Ирэх хоёр жилд мөнгөний амлалт буцална. Түүнтэй тэмцэх үү, тэврэлдэх үү гэдгээс л Монголбанкны ерөнхийлөгч утсан хүүхэлдэй юү, улстөрч үү гэдгээ харуулна.
У.ОРГИЛМААЗохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин