Саркози Францын ард түмнийг ялав

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Саркози Францын ард түмнийг ялав

Францын Сенат өнгөрсөн баасан гаригт тэтгэврийн насны төвшинг 60-62 хүргэсэн тэтгэврийн шинэчлэлийг дэмжлээ. Ийм арга хэмжээ нь төсвийн алдагдлыг нөхөж, улсын өрийг бууруулахад чиглэгджээ. Францын хөдөлмөрчид Түүний эсрэг тэмцлээ үргэлжлүүлж байна.Ажиглагчид Францын жишээгээр Европын бусад орнуудад тэтгэвэрт гарах насыг нэмэх болно гэж хэлж байна.

Францын сенатын өнгөрсөн баасан гаригт баталсан хуулиар тэтгэвэрт гарах насны хэмжээг 60-аас 62 болгох бөгөөд мөн бүрэн хэмжээний тэтгэвэр авах хөдөлмөрлөсөн хугацааг 40,5 жилээс 41 жил гурван сар хүртэл өсгөхөөр болж байгаа юм. Санал хураалтын дүнг Сенатын дэд дарга Бернар Фрима зарлав. Хуралдаанд байсан 339 сенаторуудаас 177 нь тэтгэврийн шинэчлэлийг дэмжсэн ба 153 нь эсрэг байлаа. Санал хураалтад 339 сенатор бүгд оролцжээ. Хуулийн төслөөр хэлэлцүүлэг бараг зургаан өдрийн турш явагдсан нь 1986 оноос хойш  тохиолдсон хамгийн урт хугацаа болов. Тэр үед TF1 теле сувгийг хувьчлахаар бас л ийм урт хугацаанд ярилцсан байлаа.

Одоо парламентын доод танхим Үндэсний чуулган ба Сенатын баталсан тэтгэврийн шинэчлэлийн хоёр хувилбарыг парламент хоорондын комисс нэгтгэх ёстой. Комиссийн хуралдаан өнөөдөр эхэлж байна. Хуулийн төслөөр хамгийн сүүлчийн төгсгөлийн санал хураалт лхагва гаригт болно. Үүний дараа ерөнхийлөгч Николя Саркози хуулийг баталгаажуулан гарын үсэг зурах болно. Сенатад үг хэлсэн Хөдөлмөрийн сайд Эрих Верт шинэчлэлийн эсрэг байгаа хүмүүс ирээдүйд ерөнхийлөгч болон Засгийн газарт авч буй арга хэмжээнийх нь төлөө талархах болно гэж онцлон тэмдэглэсэн байна.

Хуулийн төслийг хурдан батлуулахын тулд өмнө нь төслийн засвар бүрийг нь авч хэлэлцэлгүйгээр бүхэлд нь батлахыг Сенатаас Засгийн газар шаардсан байв. Энэ нь сөрөг хүчний зүгээс тэр даруй шүүмжлэл гаргаж, “ерөнхийлөгч Саркозийг” төрийн эргэлтийн тогтмол бодлого явуулдаг” гэж буруутгахад хүргэжээ. Ажил хаягчид тэтгэврийн шинэчлэлээс татгалзахыг эрх баригчдад уриалж байгаа.

Францын эдийн засгийн олон салбаруудад аравдугаар сарын 12-ны өдрөөс хугацаагүй ажил хаялт эхэлсэн билээ. Хотуудад өдөр бүр жагсаал болж тэр нь заримдаа түйвээлт болон хувирч байна.  Үйлдвэрчний эвлэлийн мэдээгээр сүүлийн өдрүүдийн эсэргүүцлийн ажиллагаанд 3,5 сая хүн оролцсон байна. Эсэргүүцэгсэд хэдэн арван нефть боловсруулах үйлдвэр ба агуулахуудыг боон бүсэлсний улмаас Франц шатахууны хомсдолыг амслаа. Шатахуун түгээгч станцуудын 20 хувьд нь шатахуун тасарсан байв. Шатахууны импорт өмнө байгаагүйгээр өссөн байна. Олон нийтийн дэмжлэгт тулгуурлан үйлдвэрчний эвлэл ирэх пүрэв гаригт, арваннэгдүгээр сарын 6-ны бямба гаригт бүх нийтийн ажил хаялт явуулах хуваарийг гаргаад байгаа ажээ.

Засгийн газрыг ийм алдартай биш арга хэмжээ авахад нь эдийн засгийн хүнд асуудлууд түлхэж байна. Энэ жил Францын төсвийн  алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 7,7 хувь болсон ба Францын өр ДНБ-ний 80 хувийн босгыг алхаад байна. Тэр нь тус улсын санхүүгийн системийг хэврэгшүүлж, эдийн засагт хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж байгаа юм. Үүний зэрэгцээ төсвийн зөрөө ба улсын өрийн хэмжээ нь Евро бүсээс тогтоосон хязгаараас  (өр нь ДНБ-ний 60 хувь, төсвийн алдагдал ДНБ-ний гурван хувь байх ёстой) аль эрт даваад явжээ.

Тэтгэвэрт гарах насны хэмжээг 60-аас 62 болгож, төрийн албаны  30 мянган орон тоог цомхотгож, татварын зарим хөнгөлөлтүүдийг авч хаях зэргээр 2013 он гэхэд төсвийн алдагдлаа Франц улс ДНБ-ний гурав хүртэл хувьд хүргэхээр эрмэлзэж байна.  Францад үймэрч байгаа ч тэтгэврийн шинэчлэлийн хууль батлагдах нь тодорхой. Энэ бол бодит шаардлага. Францын банкууд Грек адилаар улсын өрийн ихээхэн хэмжээг барьж байгаа учраас тэр нь эрсдэл гаргах аюултай. Хэрэв байдал сөргөөр эргэвэл Францын санхүүгийн систем маш хурдтайгаар сүйрэх болно.

Францын өнөөгийн авч байгаа энэ арга хэмжээ Европын орнуудад тэтгэвэрт гарах насны хэмжээг нэмэхэд хүргэх бололтой гэж шинжээчид хэлж байгаа. Германд саяхан тэтгэврийн насны төвшинг 65-67 болгон нэмсэн байв. Саяхан оросууд энэ талаар бас дуу гарна билээ. Гэхдээ Европын орнуудад тэтгэвэрт гарах насны хэмжээг нэмж байгаа нь амьдралын дундаж насны хэмжээтэй холбоотой. Эсэргүүцэл хийж байгаа францчуудын дундаж нас 81 гэтэл Орост тэр нь дөнгөж  70. Оросуудад бас л тэтгэврийн шинэчлэл хэрэгтэй. Гэлээ ч Францын 62 ба Оросын 62 гэдэг нь эрс тэс ялгаатай. Тэтгэврийн насыг хэт өндөр тавьбал тэр нь  тэтгэврийн системд олны итгэлийг алдагдуулна.

Одоогоор ерөнхийлөгч Саркози ард түмэнтэйгээ тэмцсээр тэтгэврийн шинэчлэлээ хийлгэхээр хуулиа батлуулан дийллээ.  Саркозийг Германы канцлер Ангела Меркель шууд дэмжив. Тэрээр “Үнэнийг германчууд ч, францчууд ч харах ёстой. Тэр үнэн нь хүн урт наслах болсонд байна” гэж Францын телевизид өгсөн ярилцлагадаа хэлсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж