Еврозон Грект туслахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Еврозон Грект туслахаар боллоо

Өрийн хямралд орсон Грек улс Олон улсын валютын сан болон евро хэрэглэдэг бусад улсуудаас их хэмжээний тусламж авах боломжтой боллоо. Еврозоны улсууд, ОУВС-ийн тусламж нь хатуу нөхцөлтэй бөгөөд одоо шууд Грект санхүүгээр туслахгүй. Харин хэрвээ Грек болон Еврозоны гишүүн бусад улсуудад санхүүжилт хэрэг болбол хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгоход нь туслах болно гэж Еврозоны 16 улс санал нэгтэй зөвшөөрлөө.
Пүрэв гаригт болсон уулзалт “Грек чадах бүх арга хэмжээгээ авсны дараа л тусламж үзүүлэх болно” гэсэн байр суурь баримталж байсан Германы Канцлер Angela Merkel-ын хувьд ялалт болсон. Тэрбээр мөн, аливаа тусламжийн арга хэмжээнд “ОУВС оролцох ёстой“ гэж шаардаж байсан юм. Франц улс, Европын төв банк хоёр ОУВС-г асуудлыг шийдвэрлэхэд оролцуулах нь Европ өөрөө дангаараа асуудлаа шийдвэрлэх чадваргүй юм байна гэж, еврогийн нэр хүндийг унагах болно гэж үзэж ОУВС-ын оролцоог эсэргүүцэж байсан ч энэ байр сууринаасаа ухарсан бололтой. Өмнө нь Еврозоны улсууд хэзээ ч ОУВС-д хандаж байгаагүй юм.
Европын улсуудын хэрэглэдэг еврсгийн ханшинд Грекийн санхүүгийн хямрал нөлөөлсөн бөгөөд энэ долоо хоногт 1.33 ам доллар хүрсэн нь өнгөрсөн арван сард байгаагүй доод ханш болов. Энэ хямрал Еврозон гишүүн орнуудынхаа эдийн засгийн өр, төсвийн алдагдлыг хянаж чадахгүй байгаа, эрсдэлд орсон гишүүн орнуудынхаа өрийг даруулах аюулгүйн механизм байхгүй зэргийг харуулж байна. Энэ төлөвлөгөө нь еврогийн гишүүн улсад хамтран тусалж байгаа хамгийн анхны тохиолдол болж байгаа бөгөөд Еврозоны бүх гишүүн улс оролцож туслахаа амалсан байна. Еврозоны санхүүгийн аюулгүй байдлын хэлхээ нь тэдэнд илүү бага зардлаар зээл авах боломж олгоно гэж найдаж байгаагаа Грекийн засгийн газрын ажилтнууд илэрхийлсэн. Ирэх долоо хоногуудад зээлийн хүү илүү буурах болно гэж тэд хүлээж байна.
Францын ерөнхийлөгч Nicolas Sarkozy Еврозоны улсуудын ОУВС-тай хамтран олгох зээлийн хэмжээний гуравны хоёрыг Европын холбоо бүрдүүлэх болно гэж мэдэгдсэн. Нийт зээлийн хэмжээ 22 тэрбум ам доллар болох бололтой. Еврозоны улсууд ирээдүйд өрөөс сэргийлж, төсвийн алдагдал хяналтаас гарахаас сэргийлсэн илүү хатуу хяналт хийх ёстой гэж үзэж байна. Тусламжийн хөтөлбөрийг эдийн засгийн хувьд эмзэг байдалд байгаа Португаль, Испани зэрэг улсуудын хувьд хэрэглэж болох юм.
Грек энэ жил нийтдээ 54 тэрбум евро зээлэх хэрэгтэй байгаа бөгөөд түүнээс 20 тэрбум евро нь энэ дөрөв, тавдугаар сард зайлшгүй  шаардлагатай байгаа. Грек Засгийн газрын бонд гаргахаар оролдсон ч хөрөнгө оруулагчид өндөр хүү нэхсэн учир хангалттай санхүүжилт татаж чадахгүй байгаа юм.
Т.Бадрах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж