
Ардчилсан намын дунд шатны байгууллагад гарсан зөрчил, үл ойлголцол зарим дүүргүүдэд хурцдаж, ротацийн сонгуулийг зэрэгцүүлэн явуулснаас хоёр хуваагдах хэмжээнд хүрээд буй билээ. Өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн уг зөрчилтэй асуудлыг цэгцлэхээр нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж маргаантай байгаа гурван дүүргийн Ардчилсан намын дарга нарыг өнгөрсөн бямба гаригт хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Гантөмөр, Ардчилан намын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга М.Лут-Очир, нийслэлийн Ардчилсан намын Хяналтын салбар хорооны дарга Ц.Даваадорж нар оролцож маргаан үүсээд удаж байгаа нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын сөргөлдсөн хоёр талын дарга нарыг байлцуулж үүсээд буй асуудлыг авч хэлэлцсэн байна. Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж уулзалтад оролцогчдод хандан “Манай нам улс төрийн тавцанд өнгөлж яваа том нам. Үүнд Нийслэлийн Ардчилсан нам ихээхэн үүрэг, хариуцлага хүлээдэг. Нийслэлийн Ардчилсан намын хувьд бие даасан том өрх айл. Тиймдээ ч үйл ажиллагаандаа ихээхэн ач холбогдол өгч эв, эеийг хичээж явах нь чухал байна. Өнгөрсөн хугацаанд зарим дүүргийн үл ойлголцлын асуудлыг шийдвэрлэх гомдол, хүсэлт их байсан ч тодорхой үр дүнд хүрээгүй. Энэ асуудлыг шийдэх нь нийслэлийн Ардчилсан намын цаашдын үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой” хэмээсэн байна.
Уулзалтын үеэр гурван дүүргийн Ардчилсан намын дарга нар зөвшилцлийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Тус гэрээнд талууд дүрмын бус зөрчил бүхий маргаантай байгаа асуудлыг Ардчилсан намын Ерөнхий хороогоор хэлэлцүүлжж дүрэмд заасан хугацаанд гарсан шийдвэрийг ёсчлон дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрөх тухай амлалт оруулсан нь Ардчилсан намын дотоод зөрчлийг арилгахад эерэг алхам боллоо.
Д.ОЮУН