Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг эх орондоо эзэмшинэ

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг эх орондоо эзэмшинэ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургууль олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрөөр хос хэл дээр  хичээллэх төрийн өмчийн анхны сургууль боллоо. Өчигдөр болсон нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Арвин, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Энэхүү сургууль Кембрижийн ерөнхий боловсролын хөтөлбөр, стандартыг турших туршилт, судалгааны төв, түшиц лаборатори сургууль байх бөгөөд дараагийн ээлжинд байгуулах Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх төрийн өмчийн сургуульд ажиллах багш, удирдах ажилтнуудыг бэлтгэдэг багшийн сургалтын төв байх юм. Тусгай лабаротори сургуулийг байгуулахдаа олон хүүхдийг энэ сургуульд хамруулах зорилт тавиагүй бөгөөд энэ оны ирэх есдүгээр сарын 1-нээс хөтөлбөр, элсэлтийн шаардлагыг хангаж байгаа 15-16 насны нэг ангид 20 хүүхэд бүхий хоёр бүлгийн 40 хүүхэдтэйгээр энэ сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх гэнэ. Кембрижийн сургалтын хөтөлбөрөөр хичээллэх Төрийн өмчийн анхны сургууль дээр энэ сарын 25-ны өдрөөс эхлэн тус сургуульд ажиллах монгол багш нарын англи хэлний сургалтыг эхлүүлж байна. Улмаар ойрын жилүүдэд Улаанбаатар хотод нийт гурав, дунд хугацаанд Улаанбаатар, Дархан-уул, Орхон аймагт нийт ес, цаашдаа улсын хэмжээнд бүх аймгийн төвүүдийг оролцуулсан 30 лаборатори сургууль байгуулахаар төлөвлөж байна. Ерөнхий боловсролын стандарт, хөтөлбөрийг Кембрижийн сургалтын хөтөлбөртэй хослуулан шинэчлэн боловсронгуй болгох, монгол хүүхдүүд олон улсын төвшний ерөнхий боловсрол эзэмших адил тэгш боломжийг өргөжүүлэх, ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд дэлхийд нэр хүндтэй Кембриж, Харвард, Оксфорд гэх мэтийн өндөр зэрэглэлийн их дээд сургуулиудад шууд элсэн орох, улмаар дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүний нөөцийн чадавхийг өргөжүүлэх зорилтыг Засгийн газраас хэрэгжүүлж эхэлж байна. Энэхүү зорилт нь өргөн хүрээний асуудлуудыг хамарсан, багагүй цаг хугацаа шаардсан, суурь бодлогын шинэчлэлийн ажил бөгөөд энэ хавраас эхлэн Кембрижийн ерөнхий боловсролын хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртэй хослуулан боловсронгуй болгон шинэчлэх ажлыг эхлүүлэх гэнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж