
УИХ-ын пүрэв гаригийн чуулганаар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэлэлцэж байхад Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд чуулган, Төрийн ордны үйл ажиллагаатай танилцаж таарав. Д.Очирбат гишүүний урилгаар эдгээр хүүхдүүд төрийн ордны үйл ажиллагаатай танилцсан бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Д.Очирбат гишүүн чинь өнөөдөр л ажилдаа ирж байгаа шүү” хэмээн хүүхдүүдэд “шургав”.
Л.Гүндалай гишүүн хүүхдүүдийг байгаа дээр үг хэлэхээр УИХ-ын дарга руу гүйн очиж, үг хэлэх дараалалд өөрийнхөө нэрийг оруулж амжаад зогсохгүй “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэлэлцэхдээ хүүхдүүдийн эрүүл мэндийн даатгалын талаар орхигдуулж болохгүй” хэмээн урсгаж гарлаа. Харамсалтай нь, түүнийг үгээ хэлж эхлэх үед хүүхдүүд танхимаас гарцгаасан байв.