
“Иракийн хэрэг” гэгч нь 2004 оны нэгдүгээр сарын 1-нээс 2009 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд болж өнгөрсөн ч мэдэгдээгүй байсан хэрэг явдлын гэрч болсон 391, 832 баримтуудаас бүрэлджээ. Энд энгийн иргэдийн үхэл мөн хоригдлуудыг тамлан байцааж, доромжилж байсан тухай өгүүлснээс гадна Ираны үүргийн талаар бичигджээ.
Эдгээр баримтаар Иракт АНУ-ын өдөөсөн дайны явцад 110 мянган орчим хүн амь үрэгдсэн байна. Тэднээс энгийн иргэд 66 мянга, “эсрэг талынхан” 24 мянга, “хүлээн авагч тал” (Иракийн цэргийнхэн ба албан ёсны тушаалтнууд) 15 мянга, “нөхөрсөг хүчин” (холбоотны цэрэг) 3,7 мянга гэсэн хохирлын тоо ба “дайны бодит зураглалыг” харж болно гэж сайтын урьдатгал үгэнд бичсэн байна. Нийт 15 мянга гаруй энгийн хүмүүс өмнө нь протокол хийгээгүй хэрэг явдлын улмаас амиа алдсан бөгөөд тэд танигдаагүй хэвээр үлдсэн бололтой. Үүнтэй холбогдуулан New York Times тэр үеийн хамгийн аймшигтай өдрүүдийн тухай бичихдээ WikiLeaks байгууллагын олж авсан эхний материалуудад тэмдэглэгдсэн Багдадын гүүрэн дээр дэлбэрэлт болж түүнээс үүссэн шахцалдааны улмаас 950 хүн амиа алдсан 2005 оны наймдугаар сарын 31-ний өдрийг онцолсон байна.
Үүнээс хоёр жилийн дараа 2007 оны наймдугаар сарын 14-ний өдөр Сирийн хилийн ойролцоо дэлбэрсэн бөмбөгнөөс 500 хүн амиа алдаж байжээ. Мөн зөвхөн 2006 оны арванхоёрдугаар сард 3800 энгийн хүмүүс алагдсан байлаа.
“Баримтуудад Америкийн цэргийнхэн энгийн хүмүүсийг шалган өнгөрүүлэх цэгээс болон байлдааны ажиллагааны үеэр нисдэг тэрэгнээс хөнөөж байсан өмнө мэдэгдээгүй олон тохиолдлын талаар өгүүлсэн байв. Үүний улмаас л хүн ам нь өөрийн нутагт америкчуудыг байлгахын эсрэг байсан ба одоо ийм байдал Афганистанд давтагдаж байна” хэмээн уг сонин бичсэн байв.
Иракт 2007 онд 14 энгийн иргэдийг хөнөөсөн гэж буруутгагдаж байсан АНУ-ын хувийн хамгаалалтын Blackwater компанийн нэр ч баримтуудад дахин дурьдагдсан байна. “АНУ-ын нууц бичиг баримтад одоо нэрээ “ХЕ” болгосон Blackwater-ийн хамгаалагчид энгийн хүмүүсийг буудаж байсан нь тэмдэглэгджээ. Тэдний эсрэг хэрэг ч үүсгээгүй” гэж Al-Jazeera сувгийн мэдэгдэлд энэ талаар өгүүлсэн байв.
Дайны үеэр америк цэргийнхэн шоронд (“Абу-Грейб”) хоригдож байсан иракчуудад “зэрлэгээр хандаж байсныг” архивын баримтуудад өгүүлсэн байна. Үүний зэрэгцээ Саддамын дэглэмийн үе шиг арга барилаар үйл ажиллагаа явуулж байсан Иракийн цэргийнхэн ба тусгай албадын балмад ажиллагааны талаар Америкийн командлал мэдээлэл гаргалгүйгээр нуун өнгөрөөж байсныг WikiLeaks дэх материалуудад өгүүлжээ. Тухайлбал Иракийн цэргийнхэн Иракийн хойд нутгийн Талафар хотын эрчүүдийг шүүлгүйгээр буудан хөнөөснөөс гадна тэд хурууг нь тасдах, цахилгаан гүйдлээр цохиулах, биеийг нь хүчлээр түлэх, цахилгаан өрмөөр өрөмдөх зэрэг үйлдлүүдийг хийж байсан аж.
“Америкчууд үүнд нүдэн балай, чих нь дүлий хандсанаас гадна зөвхөн сүүлийн жилүүдэд Иракийн шоронд наад зах нь зургаан хоригдол амиа алдсан тухай баримтуудад тэмдэглэгдсэн байна” гэж New York Times онцолжээ. Зодож нүдсэн, түлсэн, хутгаар сийчсэн, хүчирхийлэл, аллага байсныг хэдэн зуун баримт гэрчилж байна. Зөвхөн 2005 оны арваннэгдүгээр сард Иракийн цагдаагийн төвүүдээс дамжин өнгөрсөн иргэдийн дундаас олон тооны шарх сорвитой, сохорсон 95 хоригдлуудыг америкийн цэргийнхэн илрүүлж байлаа.
Эдгээр баримтуудад New York Times тайлбар хийхдээ “Ираны арми нь ихээхэн идэвхтэйгээр Иракийн шийтүүдийг дэмжин сургаж, зэвсэглэж, орогнуулж заримдаа тэд өөрсдөө Америкийн цэргийнхний эсрэг үйл ажиллагаанд оролцож байсныг дурьджээ. Тухайлбал, WikiLeaks-ийн нийтэлсэн материалуудад Ираны хувьсгалт гварди нь шиитийн дайчдыг сургахаас гадна тэднийг Ливаны “Хезболлах” гэх лалын хэт даврагч байгууллага дэмжиж байсан баримт байгаа.
Мөн тэнд Ираны тусгай албаныхан 2009 оны долдугаар сард гурван америк жуулчинг барьсан тухай өгүүлжээ. Тэднийг барьсан өдрийн Пентагоны мэдээнд тэр хүмүүс тэр бүс нутагт аялал аюултай гэсэн сануулгыг үл тоосон гэхдээ тэд хилд ойртож очсоноос биш Ираны хилийг даваагүй гэсэн байв. Мөн Иран тэдэнд тагнуул хийсэн гэх ялыг өгөх болов уу гэсэн тайлангийн дагуу тэд тийм ялыг сонсоод байгаа билээ. Ираны тал тэднийг өөрийн нутагт барьсан гэж зүтгэсээр байгаа юм.
“Иракийн хэрэг” материалуудыг барууны хэвлэлүүд тэдний тоонд АНУ, Франц, Их Британи, Германд хэвлүүлэхээр бямба гаригийн шөнө өгсөн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон уг баримтуудыг “нягтлан шалгагдаагүй” гэж нэрлэсэн бөгөөд тэд “АНУ ба холбоотнуудын цэргийн албан хаагч нарын амьдралд аюул авчирсан мөн манай орны ба бидэнтэй хамтран ажиллаж байгаа улс орны үндэсний аюулгүй байдалд хор учруулж байна” хэмээн мэдэгджээ.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жефф Моррелл мөн л WikiLeaks байгууллагын үйлдлийг буруутгаад “нууц материалыг хууль зөрчин дэлхий даяар тарааж байгаа зарим хүмүүсийг хөөргөн дэмжсэн зүйл боллоо” гэжээ.