Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Ээжийн танхил охин


Ээжийн танхил охин

Дуучин Ч.Уранхолбоо, ээж О.Болормаа

Болормаа: Охин маань багадаа их сэргэлэн цовоо, дайчин, их ухаалаг, аливаа юманд их дүгнэлттэй ханддаг хүүхэд байсан. Аав нь урлагийн хүн болгохгүй гээд л бид хоёр чинь ааваасаа нууж Хүүхдийн ордны дуулаачийн ангид явдаг байсан. Аав нь хуульч мэргэжилтэй, тэгээд өөрийнхөө мэргэжлийг эзэмшүүлнэ гэдэг байсан юм. Гэхдээ охин маань аавынхаа мэргэжлийг өвлөж Цагдаагийн академийг хуулийн чиглэлээр төгссөн л дөө.

Ану: Ээж бид хоёр хуйвалдаад л, шивнэлдээд л явдаг байж билээ. Гэхдээ одоо аав бол намайг гараа өргөөд л дэмждэг болсон /инээв/
Болормаа: Ээж охин хоёр маш дотны найзууд. Хоёр биенийхээ хамгийн сайн туслагч.
Ану: Миний ээж яг л надад зориулагдсан юм шиг санагддаг. Хүн бүрийн ээж сайхан. Гэхдээ миний ээж надад бусад ээжүүдээс ч илүү юм шиг… Ажил, уран бүтээл, хувийн амьдрал гээд л бүх зүйл дээр маань ээж анхаарч чаддаг. Маш хичээнгүй нямбай ханддаг шүү.
Болормаа: Охиноо ер нь загнадаггүй. Гэхдээ сургамжийн үгээ бол хэлэлгүй яах вэ. Миний охин их ачаалалтай ажилладаг болохоор дээр нь нэмж загнаад байхыг хүсэхгүй л дээ.
Ану: Ээж намайг их эрхлүүлнэ. Зөвхөн намайг ч гэлтгүй. Манайх дөрвөн охинтой. Бид нарыг бүгдэнгий нь л эрхлүүлж хайрлана. Тэгээд л дандаа чихэр барьж ирээд байдаг юм. Бас хоолоор их шахдаг.
Болормаа: Ээж, битгий хоолоор шахаад бай л даа гээд байдаг юм. Гэхдээ би хүүхдүүдээ сайн хооллож байвал л эрүүл чийрэг, эрч хүчтэй байна гэж боддог. Ану хоол нэг их идэхгүй.
Ану: Ээжийн хоол үнэхээр амттай. Тахианы махаар хийсэн хоолнууд нь бүгд их гоё. Солонгос үндэсний Тагтуриттан гээд тахианы махтай шөлтэй хоолыг бүр дэндүү гоё хийнэ. Бас цагаан хоол их амттай хийнэ. Манай аав бас их гоё хоол хийдэг ш дээ.
О.Болормаа: Охиныгоо анх “Гала” хамтлаг гэж байгуулаад тэгээд Улаанбаатар Паласын задгай талбайд 20000 хүн цуглуулсан том тоглолт хийхэд би маш их баярласан. Тэгэхэд нүдэнд нулимс цийлэгнээд л охиноороо маш их бахархах сэтгэл төрсөн.
Ану: Ээж залуу байхын л их тод хурц өнгөөр хувцаслах дуртай байсан. Одоо ч гэсэн их тод өнгийн хувцсанд дуртай. Ээжийн стиль надад их нөлөөлсөн байх. Ээжтэйгээ дэлгүүр хэсэх их гоё байдаг. Гэхдээ сүүлийн үед бид хоёр цугтаа нэг их шоппинг хийгээгүй юм байна. Урлагийн хүний сонирхол их амархан өөрчлөгдөж байх ёстой гэж би боддог. Үзэгчдэд байнга шинэлэг байхын тулд стиль имижээ ч гэсэн өөрчилж байх хэрэгтэй байх. Сүүлийн үед би тод хурц өнгийн хувцсанд нэг их дуртай байхаа больсон. Нэгэн хэвийн fashion line-аар яваад байх уйтгартай. Цаашдаа ч өөрчлөгдөж байхыг хүсдэг.
О.Болормаа: Охиныгоо ажил төрөлтэй гэртээ оройтож ирэхээр би бүр огт унтахгүй хүлээгээд суучихдаг. Ирэхээр нь ор дэрийг нь засч өгөөд л унтуулна. Хүлээгээд суулаа гээд огтхон ч харамсдаггүй. Харин ч аз жаргалтай байдаг.
Ану: Ээж тэгээд унтахгүй хүлээгээд байхаар их хэцүү. Бүр санаа зовоод байдаг юм. Тэгээд ирэнгүүт ээж нэг хүн хашгирсан, эсвэл сая нэг бүрх малгайтай хүн ийшээ орсон гээд л санаа нь зовоод бүр гадаа гараад зогсож байх нь энүүхэнд.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж