
Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаад эхэлбэл урт хугацааны хүү багатай санхүүгийн эх үүсвэрийг “босгоод” байх бололцоотой. Ингэснээр том том бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх хөрөнгийн эх үүсвэртэй болж, тэр хэрээр эдийн засгийн өсөлт нэмэгдэх хөшүүрэг болно гэж тэмдэглэж байна. Үүнд цаг хугацаа нэлээд шаардах бөгөөд үр дүнг нь хүртэхэд 4-5 жил шаардана. Өөрөөр хэлбэл, дараагийн Засгийн газар ч энэ ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай болж байгаа юм.
Хоёр дахь чухал ажил нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал. Хамтарсан Засгийн газрын хувьд өнгөрсөн хавар УИХ-аар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах УИХ-ын тогтоолын төсөл, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого, Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор барих томоохон баримт бичгүүдийг ус бүр батлуулсан юм. Далайд гарцгүй орны хувьд Тавантолгойгоос олборлосон нүүрсээ Сайншандын үйлдвэрт боловсруулж, улмаар хөрш орнуудаараа дамжуулан гадаад зах зээлд гаргана. Яг ижил технологиор, мөн ижил хэмжээтэй зардал гаргаж боловсруулсан бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх болоход тээврийн зардалд их хэмжээний төлбөр төлөх болж буй. Энэ нь бусад орны ижил төрлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадварыг бууруулах учраас төмөр замын тээвэрлэлтийн тарифыг хөрш орнуудтай тохиролцох нь нэн тулгамдсан ажлын нэг болж байгаа ажээ. Төмөр замын тарифыг тогтоох чиглэлээр Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд А.Гансүхээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан, эхний ээлжинд хойд хөрштэй хэлэлцээ хийж, төмөр замын тарифын хөнгөлөлтийг 25 жилээр тогтоох, санал тавих юм.
Засгийн газрын гаргасан тооцоогоор Монгол Улс Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга, Нарийн сухайт, Шивээ-Овоо зэрэг стратегийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглаж эхэлснээр эдийн засгийн өсөлт жилд дунджаар 12.5 хувь болон өсч, 2015 онд нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээ 5250 ам.долларт хүрснээр 2009 оны түвшингээс 2.7 дахин нэмэгдэнэ гэж үзэж байна.
Төсвийн ил тод байдлаараа тэргүүлж буй гэв үү?
“Зангиагүй уулзалт”-ын оршил дуусч, сэтгүүлчид асуулт тавьсан нь, Засгийн газрын гишүүдэд таалагдсангүй. Сэтгүүлчид хэлцэж тохирсон юм шиг хамтарсан Засгийн газрын хийж, бүтээж байгаа өнгөтэй өөдтэй ажлыг нь биш, дандаа хар барааныг нь түүж түүвэрлэн цацаж, бичээд лай болж буй юм байх. Гэтэл гадаад ерөнцөд Монгол цахиур хагалж эхэлжээ. Төсвийн ил тод байдал, уул уурхайн ил тод байдлаараа хөгжилтэй орнуудыг хүртэл хол хаяж байх юм гэнэ. Сангийн сайд С.Баярцогтын хэлснээр бол хамтарсан Засгийн газар одоогоор гадаад ертөнцөд дөрвөн зүйлээр гайхуулж байна. Нэгдүгээрт, Санхүү эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран 18 сарын “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь амжилттай дуусаад байгаа юм. Олон улсын валютын сангийнхны үнэлгээгээр Ази Номхон далайн орнуудаас гагцхүү манайх л дээрх хөтөлбөрийг анх удаа амжилттай хэрэгжүүлсэн улс болжээ. Хөтөлбөрийн хүрээнд 242 сая ам.долларыг авч ашиглан, төсвийг эрүүлжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, банкны бүтцэд өөрчлөлт хийх, ядуу бүлгийнхний халамжийг танахгүй байхад тус бүр зарцуулсан. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд Олон улсын валютын сангийн төлөөлөгчид зургаан удаа ирж, үнэлгээ хийж, зөвлөгөө өгч байжээ.
Хоёр дахь өөдрөг үнэлгээ нь, олон улсын төсвийн төлөвлөгөө гэж байдаг аж. Түүгээр тухайн улсын баталсан төсөв ард түмэндээ хэр ойрхон байна вэ гэдгийг дүгнэдэг. Ингэхдээ 100 оноогоор дүгнэдэг байна. Монгол Улс энэ үнэлэмжээр 2006 онд 18 оноо цуглуулж байсан, 2008 онд 30 болж өссөн. Харин 2010 онд 60 болж, хоёр дахин өсч, Португалийн өмнө Монгол Улс бичигдэж гайхамшигт амжилт үзүүлжээ.
Гурав дахь нь олборлох үйлдвэрийн ил тод байдал. Энэ сарын 19-нд Монгол Улсыг дэлхий дахинаа олборлох үйлдвэрийн ил тод байгууллагын үзүүлэлтийг хангасан орон гэж зарлажээ. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас орж ирж байгаа бүх татварын орлого, хандив тусламж бүхэн алган дээр тавьсан юм шиг ил тод болжээ. Энэ хэрээр уул уурхайн компаниудаас ирүүлсэн тайлангийнх нь зөрүү ч багассан. Тодруулбал, 2006 онд энэ салбарт 25 тэрбум төгрөгийн зөрүү илэрч байсан бол 2008 онд 400 сая төгрөг болж буурсан юм байна.
Уул уурхайн үйлдвэрлэл явуулдаг дэлхийн хөгжилтэй 25 орноос Монгол Улс үзүүлэлтээрэ зургаад жагсах болсон. Өрсөлдөх чадварын индексээрээ 25 байраар урагшилсан, ОХУ, Финлянд улсуудтай холбоотой байсан өрийг 0 болгож, асуудалгүй болгосон гээд өнгөтэй, өөдтэй мэдээлэл олон гэнэ.
Оюутолгойд 10 мянган монгол ажиллаж байна
Бүтэн зургаан жилийн турш ярьж байж баталсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ эхнээсээ үр дүнгээ өгч эхэлсэн гэдгийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хэллээ. Ажил эхлээд удаагүй байгаа ч шууд болон шууд бус утгаараа 10 мянган монгол иргэн Оюутолгойн ордыг ашиглахтай холбоотойгоор ажилтай болжээ.
Жилийн өмнө Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар томилогдон, ажлаа эхлүүлж байсан С.Батболдын Засгийн газрын өнгөтэй өөдтэйг түүвэрлэвэл нэг иймэрхүү л янзтай.
Г.Дарь