“Социализм”-аас татгалзаж коммунистаар чуулав

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

“Социализм”-аас татгалзаж коммунистаар чуулав

МАХН-д ардчиллын агаар орох яагаа ч үгүй байгааг өнгөрсөн баасан, бямба гаригт болсон үйл явдал харууллаа. Бүр өнгөрсөн есдүгээр сард хийхээр товлосон ч МАХН доторх  фракцуудын өөд өөдөөсөө сөргүүлсэн “шатрын нүүдэл”-ээс болоод хуралдуулж чадаагүй Монголын Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо /МАСЭХ/-ны дөрөвдүгээр чуулганыг тэр өдрүүдэд хийв. Чуулганаар хамгийн  гол нь холбооныхоо тэргүүнийг шинэчлэх, сонгууль явуулах учиртай байсан юм. Өнөөгийн тэргүүн Д.Алтайг солихдоо ч биш, ямар боловч хэд хэдэн эмэгтэйг өрсөлдүүлж, даргаа шинэчлэх эсэхээ ардчилсан зарчмаар шийдье гэж МАХН-ын эмэгтэйчүүд тохирчээ. Өмнө нь Ардчилсан намын эмэгтэйчүүд хуралдаж, хэний ч шахалтгүйгээр өрсөлдөөн дундаас шинэ тэргүүнээ сонгосон нь МАХН-ын бүсгүйчүүдэд үлгэр болоод байв.

Гэвч хурлаа хийе гэтэл фракц бүр кандидат “шахаад”  сар гаруй гацаанд оруулчихсан. Намын дэргэдэх байгууллага гэдэг үнэн хэрэгтээ намын дээд хэсгийнхний үзэл бодлыг гишүүддээ тулгах, тэдний төлөөний хүнийг дээш татахад хэрэглэдэг түшиц газар, гишгүүр болсон юм хойно. Тэр шалтгаанаар холбооны тэргүүнийг өөр өөрийн гарын хүнээр болгох дарга нарын ашиг сонирхлын зөрчил дунд МАХН-ын эмэгтэйчүүдийн байгууллага “хавчуулагджээ”.
Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Батболд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг, УИХ-ын гишүүн, МАХН-ын экс дарга С.Баяр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонгийн, нийслэлийн фракцийнхан Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Цогзолмаагийн, МАХН-ын Удирдах зөвлөлөөс одоогийн тэргүүн Д.Алтайн, Д.Алтай тэргүүн дэд тэргүүн Г.Идэрмаагийн гээд олон эмэгтэйн нэрийг санал болгож, өөд өөдөөсөө тулсан олон “хүү” дунд ацан шалаанд орсноос  болж сар илүү хугацаагаар саатсан эмэгтэйчүүдийн чуулган эцсийн бүлэгт юу ч биш болж дуусав.

Уг нь МАСЭХ-ныхон хэрдээ л боломжийн эмэгтэйчүүд дотроо марафон явуулж, тэргүүнээ ардчилсан зарчмаар явуулах гэж оролджээ. Чуулган болохоос хоёр өдрийн өмнө  холбооныхоо удирдах зөвлөлийг хуралдуулж гурван эмэгтэйн нэрийг дэвшүүлэн санал хураажээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, одоогийн тэргүүн Д.Алтай, дэд тэргүүн Г.Идэрмаа нарыг өрсөлдүүлж олонхийн санал авсан Г.Идэрмааг чуулганд оруулж МАСЭХ-ны тэргүүнээр батлуулахаар тохирсон байна. “Эмэгтэйчүүд дотроо эв нэгдэлтэй байя. Ардчилсан зарчмаар санал хурааж гаргасан шийдвэртээ үнэнч явъя” хэмээн удирдах зөвлөлийн хурал дээрээ бүсгүйчүүд бараг л андгай тавьсан дуулдсан. Гэтэл чуулган маргааш өглөө болно гэж байтал МАХН-ын Удирдах зөвлөлийнхөн үдшийн бүрий тасарсан хойно гэнэт хуралджээ. “Эмэгтэйчүүд биднээс асуулгүй хуралдаж хамаагүй шийдвэр гаргасан байна. МАХН-ын аль ч байгууллага удирдлагын хараанаас ангид байж үл болно. Намын гишүүдийн 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийг МАХН-ын дээд удирдлагын харааны гадуур орхивол бодлого алдагдаж, удирдлагын гаргасан шийдвэр их хурал дээр батлагдахгүйд хүрч мэднэ” хэмээн эмээсэн бололтой. Тэгээд харанхуй шөнөөр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг эмэгтэйчүүд рүү илгээж, чуулганаараа тэргүүнээ солихгүй байхыг даалгасан байна. МАСЭХ-ны чуулганыг хийхийн утга учир ч бүрмөсөн алдагдаж орхив. Ардчилсан намын бүсгүйчүүд шиг ардчилсан зарчмаар тэргүүнээ шийдэхийг хүссэн МАХН-ын эмэгтэйчүүдийн зорилго талаар болох нь тэр. Тэдэнд ардчилал гэдэг зүйлийг мэдрэх нь гол байсан ч сарын өмнө дүү нарынхаа амссанаас ч долоон дорыг хүртэж орхих нь тэр.

Нэг сарын өмнө МАХН-ын залуучуудын байгууллага болох МАСЗХ-ныхон хурлаа хийж дүрэмд заасан ёсоор 35 насны босгыг хэтэрсэн Г.Занданшатар даргаа үдэж, ардчиллын зарчмаар тэргүүнээ сонгохыг хүссэн. Тиймдээ ч УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр, мөн Ж.Мөнхбат, О.Содбилэг гээд хэд хэдэн хүнийг өрсөлдүүлэхээр бэлтгээд байв. Гэвч хуралдаан дундуур МАХН-ын Удирдах зөвлөлөөс өгсөн тушаалаар Л.Оюун-Эрдэнэ гэдэг залууг ардчилсан оронд хэзээ ч байхгүй, одоо цагт зөвхөн Хойд Солонгост л гарч болох 100 хувийн саналаар тэргүүн болгож, гагцхүү нэрээ “Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбоо” болгон өөрчилсөн.

Түүн шиг байдалд МАХН-ын эмэгтэйчүүд орлоо. Эхнээсээ авхуулаад л  мандатын комисс, редакцийн комисс томилох гээд бүх бэлтгэл ажлыг ямар ч сонголтгүйгээр, дээрээс өгсөн нэрийг уншиж, 100 хувь гар өргөх замаар шийдэв.  МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар чуулганы тэргүүлэгчдийн ширээнд  заларч тэднийг элдэв “гажууд” санал, шийдвэр гаргахаас сэргийллээ. Ардчилсан намын эмэгтэйчүүдийн хуралд эрэгтэй улстөрч ганц ч оролцоогүйтэй харьцуулбал энэ “хөндлөнгийн хяналт” МАХН-д ардчиллын “сиймхий” ч байхгүй гэдгийн гэрч болов. Ц.Сүхбаатар дарга хуралдаан дундуур яаран босч “Энэ удаагийн чуулганаар тэргүүн солих асуудал байхгүй” гэдгийг намынхаа хатагтай нарт эелдгээр дуулгаснаар хол ойроос зорьж ирсэн эмэгтэйчүүдийнхээ эдлэх ёстой ардчилалд цэг тавьж орхив. Уг нь чуулганд ирсэн эмэгтэйчүүд хэрдээ л бэлтгэлээ базааж, орон нутгийн бүсгүйчүүд аймаг аймгаараа ижил өнгийн торгон тэрлэг, дан дээл, хослолоор гоёж ирсэн байсныг яана.

Тэргүүний сонгууль явуулах эрхээ хасуулсан эмэгтэйчүүд дүү нараа дуурайж холбооныхоо нэрийг “Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбоо” болгон сольж дарга нарынхаа таалалд нийцүүлэн  “социалист” гэсэн үгээс татгалзсанаар чуулган өндөрлөв. МАХН-ын их хурлаар намынхаа МАН гэдэг уугуул нэрийг сэргээх, ардчилсан социалист үзэл баримтлалыг хүлээн авах зэрэг дээрээс өгсөн чиг үүргийг 100 хувийн саналаар баталснаар “социализм”-аас татгалзсан коммунист чуулганы үйл ажиллагаа өндөрлөлөө. Хөх торгон тэрлэг, ногоон торгон дан дээлээр ижилдсэн бүсгүйчүүд дарга нарынхаа бэлтгэсэн найранд оролцож, дээрээс өгсөн сценарийн дагуу амжилттай хуралдсанаа тэмдэглэн хундага өргөхөөр Төрийн ордноос гарч явав аа.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж