
Тэмцээний дараа эрэгтэйчүүдийн төрөлд аваргын алтан медаль хүртсэн их мастер Д.Эрдэнэбилэгтэй уулзаж, ярилцлаа. Тэрбээр өмнө нь 1999 онд манай улсад болсон Азийн аварга шалгаруулах хоёрдугаар тэмцээнд түрүүлж, дараа нь хоёр жилийн дараа буюу 2001 онд мөн манай улсад зохиосон ААШТ-д аваргалсан бөгөөд хожим нь 2003 онд Энэтхэгийн Чандигар хотноо Азийн аваргад түрүүлснээр Ази тивийн гурван удаагийн аварга болсон юм. Энэ удаад ч тэрбээр нутагтаа гайхалтай амжилт гаргаж, тэмцээний туршид нэг ч хожигдолгүй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүллээ. Д.Эрдэнэбилэг өдгөө Ази тивд чансаагаар тэргүүлж байгаа юм.
-Баяр хүргэе. Та нутагтаа зохион байгуулсан Азийн аваргад гурав дахь удаагаа түрүүллээ. Тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцаач.
-Мэдээж сэтгэл өндөр байна. Манай улсад гурав дахь удаагаа зохион байгуулсан 100 буудалт даамын Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаагаа, нийтдээ дөрөв дэх удаагаа түрүүллээ. Энэ жилийн тивийн аваргад Азийн 10 орны 30 орчим даамчин өрсөлдөж, дүнгээ гаргалаа. Миний хувьд А группт тоглож, хэсгийн аварга болоод Азийн аваргын төлөө Узбекистаны их мастер, 64 буудалт даамын дэлхийн аварга Алишев Артиковтой тоглож хожсон. Хэсгийн тоглолтын дараа манай Д.Баттулга, Казахстаны Г.Сарсекеев бид гурвын оноо тэнцээд, нэмэлт тоглолт хийж, хэсгийн аваргаа тодруулсан байгаа. Ямартай ч түрүүлсэндээ сэтгэл хангалуун байна.
-Азийн аваргад түрүүлснээр та ирэх жилийн дэлхийн аваргад оролцох эрхтэй болсон байгаа шүү дээ.
-Тийм ээ. Эхний хоёр байрт шалгарсан тамирчид 2011 оны тавдугаар сард Голландад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа. Мөн Азийн аваргад түрүүлснээрээ миний хувьд их мастер цолоо бататгасан хэрэг болж байна.
-Тэмцээн хэр өрсөлдөөнтэй байв. Хамгийн хүчтэй өрсөлдөгчид аль орны тамирчид байв?
-Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн учраас орон орны хамгийн шилдэг тамирчид ирж, оролцсон. Бүх тоглолт ширүүн, өрсөлдөөнтэй байлаа. Хэсгийн тоглолтын дараа А группт гурван даамчин оноо тэнцээд нэмэлт тоглолт хийсэн байгаа.
-Хамгийн хүнд тоглолт ямар тамирчинтай хийсэн тоглолт байсан бэ?
-Ер нь хэсгийн аварга тодруулах нэмэлт тоглолтууд хамгийн хүнд байсан. Хоёр хэсгийн аварга даамчид хоорондоо Азийн аваргын төлөө тоглох ёстой байсан юм. Манай хэсэгт Д.Баттулга, Салекеев бид гурав оноо тэнцээд, хоорондоо нэмэлт тоглолт хийсэн. Ер нь нэмэлт тоглолтууд л их чухал, хүнд байлаа.
-Таны дараагийн тэмцээн ямар тэмцээн байх бол?
-Энэ оны арванхоёрдугаар сард Хятадад олон улсын тэмцээн болох ёстой. Дараа нь Европт Дэлхийн цомын тэмцээн болно. Дандаа урилгаар, дэлхийн шилдэг даамчид тоглодог юм. Тэгээд л дэлхийн аваргад явна даа.
-Та өмнө нь дэлхийн аваргад ямар амжилттай оролцож байсан бэ?
-Өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан. Харин насанд хүрэгчдийн дэлхийн аваргад арванхэддүгээр байрт шалгарч байлаа. Ирэх жил энэ амжилтаа ахиулах зорилготой байна даа.
-Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний талаар өөр сонирхуулах зүйл юу байна?
-Сайхан болж өнгөрлөө. Мэдээж сэтгэл маш өндөр байна. Сүүлийн үед Хятад улс даамын спортыг хүчтэй хөгжүүлж байгаа, тийм ч учраас энэ удаагийн тэмцээнд Хятадаас 10 хүний бүрэлдэхүүнтэй, хүчтэй баг ирж оролцсон. Гэтэл медалийн төлөө нэг нь ч шалгарсангүй. Манай тамирчдын хувьд энэ том гүрний тамирчдыг бүгдийг нь дийлж, өөрсдийнхөө чансаа, оюуны цар хүрээг харууллаа гэж ойлгож байгаа. Үүнд л их баяртай байна даа.
-Азийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн анхдугаар тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Сэтгэгдлээ хуваалцаач.
-Сэтгэл маш өндөр байна. Медаль хүртэхийн төлөө л тоглосон. Гэхдээ орон орны шилдэг тамирчид ирсэн болохоор тэмцээн өрсөлдөөнтэй, ширүүн болж өнгөрсөн. Гэхдээ өөрийгөө бүрэн дайчилж, тоглоод медаль хүртсэндээ баяртай байна.
-Хүрэл медалийн төлөө нутаг нэгт даамчин Ц.Энхзаяатай тоглоод хожлоо. Шийдвэрлэх тоглолт хэр хүнд байв. Мөн тэмцээний хамгийн хүнд тоглолт аль нь байсан бэ?
-Сүүлийн мөчид л хожил авсан. Харин хамгийн хүнд тоглолт гэвэл Узбекистаны С.Юлдешеватай хийсэн тоглолт байлаа. Уг нь сайн тоглоё гэж бодож байсан ч хожигдчихсон.
-Азийн аваргаас хүрэл медаль хүртсэнээр бас цолоо ахиулах боломжтой боллоо шүү дээ?
-Тийм ээ. Би уг нь дэд мастер цолтой юм. Одоо харин спортын мастерийг алгасаад шууд дэлхийн даамын холбооны мастер болж байгаа. Үнэхээр баяртай байна.
-Миний дүү хэдэн настай вэ?
-Одоо 14-тэй.
-Ийм жаахан охин Азийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг тамирчидтай тоглоод медаль хүртсэн гэхээр үнэхээр сайхан, бахархууштай санагдаж байна. Хэдэн настайгаасаа даамын спортоор хичээллэж эхэлсэн бэ?
-Долоон настайгаасаа эхэлж тоглосон. Аав маань анх даам тоглохыг зааж өгөөд, удалгүй Пүүжээ багшийн /Азийн аваргад Монголын тамирчдыг дасгалжуулж оролцсон Т.Пүрэвдорж багшийг хэлэв/ “Алтан титэм” клубын дугуйланд ороод даамын спортоор тогтмол хичээллэж, илүү сайн тоглож сурсан даа. Ер нь манай өвөө, аав, ах, эгч гээд манайхан бүгдээрээ даам тоглодог.
-М.Нямжаргалын дараагийн уралдаан, тэмцээн нь ямар тэмцээн байх бол?
-Одоо энэ сарын 29-нд Бельги улсад болох өсвөрийн дэлхийн аваргад явах гээд бэлтгэлээ хийж байна.
-Манай улсаас хэдэн тамирчин оролцох гэж байна. Хэзээ хилийн дээс алхах вэ?
-Надаас гадна хоёр эрэгтэй даамчин дэлхийн аваргад оролцоно. н.Шийрэвдорж, н.Бямбасүрэн бид гурав 28-нд явах гэж байгаа. Өсвөрийн дэлхийн аваргад 16-гаас доош насны тамирчид эрэгтэй, эмэгтэй гэж ялгахгүйгээр тоглодог юм. Өнгөрсөн жил би 15-р байрт шалгарч байсан. Одоо энэ амжилтаа ахиулах зорилготой байгаа.
-Баярлалаа. Тэмцээндээ амжилттай оролцохыг хүсье.