”Анод”-ыг хэн дампууруулав

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

”Анод”-ыг хэн дампууруулав

Монголбанкнаас сар тутам зарладаг хэвлэлийн бага хурал өнгөрсөн баасан гаригт болсон юм. Хэвлэлийн хуралд Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал, Санхүүгийн мэдээллийн албаны захирал Б.Төмөрбат, Валют эдийн засгийн газрын захирал Г.Дэлгэрмаа, Мөнгөний бодлого судалгааны газрын дарга Д.Болдбаатар, Хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Ганбат нар оролцлоо. Сарын өмнө 11,2 хувьтай байсан инфляци энэ сард улсын хэмжээнд 10,6 хувь, нийслэлд 10,9 хувь болон бага зэрэг буурсныг мэдээлж байлаа.  Аравдугаар сарын 1-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмсэн нь инфляцийг хөөрөгдөх нэг хүчин зүйл болно хэмээн таамаглаж байсан ч харин эсрэгээрээ инфляци бага боловч буурсан гэдгийг Монголбанкны удирдлагууд онцолсон.  

Монголбанкыг Засгийн газрын харьяанд өгвөл бодлогын хүү буурах уу?

Энэ бол сэтгүүлчдийн хамгийн ихээр сонирхсон асуулт. Төв банк бодлогын хүүгээ одоогийн мөрдөж буй 11 хувиас хөдөлгөхгүй гэдгээ сарын өмнөөс л хатуу мэдэгдсэн. Үүнээс болж мөнгөний нийлүүлэлт буурч, арилжааны банкуудын зээлийн хүү буурахгүй байгаагийн дээр харилцагчдын нуруун дээрх ачаа хөнгөрөхгүй байна гэсэн шүүмжлэлийг олонтаа өгүүлдэг. Энэ талаар Монголбанкны дэд захирал Н.Золжаргал тайлбарлахдаа:
-Монголбанкыг Засгийн газрын харъяанд оруулах уу, үгүй юү гэдгийг би хариулж мэдэхгүй байна. Энэ бол цэвэр онолын томъёоллын асуудал. Тиймээс бид хариулах боломжгүй. Харин Монголбанк бодлогын хүүгээ өндөр байлгахаар шийдсэн нь төгрөгийн нийлүүлэлтийг бууруулах зорилгоор тэгж шийдсэн хэрэг биш. Энэ оны аравдугаар сарын байдлаар нэг их наяд илүүтэй мөнгийг нийлүүлээд байгаа. Хэрвээ бодлогын хүү одоогийнхоос бага байсан бол илүү хэмжээний мөнгө нэмэгдэх байсан биз. Гэхдээ үүнийг дагаад инфляци 14-15 хувьд хүрчих магадлалтай байсан. Инфляци өсөх нь мөнгөний нийлүүлэлт бага байхаас хортой шүү дээ. Иймээс л бодлогын хүүг тодорхой хугацаанд одоогийн төвшиндөө барихаар шийдсэн.

“Анод”-ын томчууд зээлээ төлөөгүй  

Хөрөнгийн биржээр дамжуулан  “Анод” банкны хувьцааг худалдаж авсан жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудлыг хууль хяналтын байгууллагын хүрээнд шийдэж байгаа гэж Анод банкны эрх хүлээн авагч Б.Энхбат хэллээ. Монголбанк Анод банкыг хяналтандаа  авснаас  хойш нийт зээлийн багцын 35-40 хувийг эргэн төлүүлээд байгаа юм байна. Гэвч тус банкны холбогдох этгээд буюу томоохон  хувьцаа эзэмшигчид, тэдний ах дүү, хамаатан садны зээлсэн зээлийн өрийн судалгааг гаргажээ. Эдгээр холбогдох этгээдүүдийн авсан зээлийн хэмжээ 54,4 тэрбум төгрөг эргэн төлөгдөөгүйгээс  хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа юм байна. Үүн дээр банкны холбогдох этгээдийн гаргасан нийт аккредитив, батлан даалтын дүн дөрвөн сая ам.доллар (Япон улсын Иточу корпорацийн Анод банкнаас нэхэмжилж байгаа аккредитивийн дүнг оруулахгүйгээр),  банкны хувь нийлүүлэгч, удирдлагад ажиллаж байсан Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нараас авах авлага 58.6 тэрбум төгрөг,  “Анод” банкны үндсэн хөрөнгөтэй холбоотой авлагын  дүн 7.8 тэрбум төгрөгийг оруулан тооцвол нийт 120.8 тэрбум төгрөг, дөрвөн сая ам.долларыг банкны холбогдох этгээдүүдтэй холбогдуулан шалгаж байгаа аж. “Анод” банкны холбогдох этгээдүүдийн зээлийн өрийн судалгаанаас харахад ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз өөрийнхөө “Гүн төгөл” компанийн нэр дээр 3,9 тэрбум төгрөгийн зээл авсан бол түүний төрсөн дүү Э.Цэрэндаш, Э.Батболд нар 1,2 саяас 1,7 тэрбум төгрөгийн зээлийг авчээ. Түүнчлэн Анод банкны гүйцэтгэх захирал захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа нар өөрсдийн үүсгэн байгуулсан компани болон ах дүүсийнхээ компанид асар их хэмжээний зээл өгч байсан нь судалгаанаас харагдана. Бүр баз хүргэн, үеэл дүүдээ хүртэл эрх мэдлээ ашиглан зээл олгож, олгосон зээлийнхээ зарим хэсгийг өөрсдөө авч ашигласан байх юм. Олны танил Гацуурт, Сити такси, Эрхэс майнинг, Аэро монголия зэрэг компаниудын нэр ч уг жагсаалтад оржээ. Тэдний олонх нь зээлийн гэрээ хийж зээл авсан нь үнэн боловч банкны гол хувь нийлүүлэгч  нар авч ашигласан гэдэг тайлбараар зээлээ төлөхөөс зайлсхийж байгаа ажээ.

Банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлнэ

Арилжааны банкуудын өөрийн хөрөнгө нийт активын найм орчим хувьтай тэнцэж байвал хэвийн гэж үздэг байсан. Харин одоо энэ үзүүлэлтийг 12 хувьд барьж байгаа. Гэтэл Монголбанкнаас дахиад л өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгө 14 хувьтай тэнцэж байх ёстой гэсэн шийдэлд хүрснээ төв банкны дэд захирал мэдэгдлээ. Ийнхүү банкуудыг өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шийдвэрийг арилжааны банкууд Монголбанкнаас үзүүлж буй нэгэн төрлийн дарамт шахалт хэмээн хүлээн авч байгаа юм. Харин  төв банкныхан энэхүү шаардлагаа “Банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлснээр бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө нь зээлдэгч зээлээ төлөх чадваргүй болсон ч гэсэн банкны өөрийн хөрөнгөөр хадгаламж эзэмшигчдийн мөнгө болон бусад өглөгөө төлөх чадвартай хэвээр байна. Банкуудын өөрийн хөрөнгө их байх тусам эдийн засаг муудсан үеийн аливаа хүндрэлийг давах хүчин чадал нэмэгддэг. Банкыг хамгаалах бамбай болсон өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх гэснээс бус арилжааны банкуудыг дарамтлах гээгүй” гэсэн тайлбарыг хэлж байлаа. Энэхүү шийдвэр нь банкуудын хувьцаа эзэмшигч нарт ачаа үүрүүлж буй гэдгийг төв банкныхан хүлээн зөвшөөрч байгаа ч шийдвэрээсээ буцахыг огтхон ч хүсэхгүй байлаа. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудыг найдвартай, бат бөх байлгах талаар санаачлага гаргах нь Монголбанкны өөрийнх нь ажил. Тиймээс энэхүү шийдвэрийнхээ биелэлтийг ч хатуу шаардах болно гэж төв банкны удирдлагууд мэдэгдэж байна.

Алтны нийлүүлэлт буурчээ

Цагийн сайханд нэг жилд 20 гаруй тонн алтыг Монголбанкны сан хөмрөгт нийлүүлдэг байсан. Тэгвэл энэ оны эхний есөн сард алт олборлогч компаниуд ердөө 1,7 тонн алт тушаасан байна. Энэ бол тун чамлалттай үзүүлэлт. Олборлолт урьдынхаас буураагүй, Монголбанк алтыг дэлхийн зах зээлийн үнэ ханшаар авсаар байгаа хэр нь алт тушаалт ийн огцом буурсан нь Гэнэтийн ашгийн татвартай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. 68 хувийн татварыг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цуцлах шийдвэрийг УИХ-аас гаргасан.  Тиймээс ирэх оноос алт тушаалт өсөх байх гэдэгт найдаж байгаагаа төв банкныхан нуусангүй. Харин Монголбанкны сан хөмрөгт ороогүй алт хаагуур хэрхэн хил давж байгаагийн жишээг хэдхэн хоногийн өмнөх солонгосчуудын  үйлдэл бэлхнээ харуулсан. Нийт 13 солонгосын биедээ нуун авч гарахыг завдсан 53 ширхэг гулдмайг Монголбанкинд түр хадгалуулахаар өгөөд байгаа ажээ. Баримжаагаар 15-16 кг хэмжээтэй уг алтыг шүүхийн шийдвэр гарсны дараа төв банкны сан хөмрөгт шилжүүлэх юм байна.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж