
Афганистаны Герат хотноо НҮБ-ын салбарын байранд цагдаагийн хувцас өмссөн дөрвөн террорист халдсан тухай аравдугаар сарын 23-ны өдөр Agence France-Presse мэдээлэв. Эхний террорист өөрийгөө байшингийн хаалганы дэргэд дэлбэлсний дараа цагдаагийн хувцастай хоёр мөн паранжа өмссөн гурван талиб байранд нэвтрэн орох үеэр тэдний нэгийг буудан устгасан ба нөгөө хоёр нь өөрсдийгөө дэлбэлсэн ажээ.
Албан ёсны мэдээгээр НҮБ-ын ажилтнууд ба цагдаагийнхнаас хэн нэгэн амиа алдаагүй байна. Довтолгоо эхлэнгүүт офисийн ажилтнууд тусгай нуувчинд нуугджээ. Талибийн төлөөлөгч Юсуф Ахмади сэтгүүлч нартай утсаар холбоо барьж, халдлагын хариуцлагыг уг хөдөлгөөн өөртөө авч байна гээд НҮБ-ын байрны 12 ажилтнуудыг хөнөөсөн гэжээ.

Герат нь Афганистаны хоёр дахь том хот бөгөөд саяхан болтол уг хот харьцангүй тайванд тооцогдож байсан юм. Сүүлийн үед байдал муудах талдаа орсон байна. Орон нутгийнхны яриагаар нисэх буудлын замыг шөнийн цагаар зэвсэгт дээрэмчид хянан хүмүүсийг хулгайлан барьцаалж мөнгө авч байгаа гэнэ. Гератын зарим районуудад талибан нөлөөтэй.
"Талибан" хөдөлгөөнийг 1994 онд байгуулсан бөгөөд 1996-2001 онуудад Арабын нэгдсэн эмират, Пакистан ба Саудын араб гэсэн гурван улс хүлээн зөвшөөрч байлаа. 2001 онд талибийн дэглэмийг АНУ унагасан ба тэд нууц байдалд орсон байна. Уг хөдөлгөөн Афганистаны нутаг дэвсгэрт байгаа гадаадын цэргийнхэн болон барууны байгууллагын гишүүдийг дайны бай гэж тооцож байгаа.
Эх сурвалж: Lenta.ru. Бэлтгэсэн Ш.Мягмар