Тэргүүн Шадар сайд СХД-т ажиллав

Хуучирсан мэдээ: 2010.10.24-нд нийтлэгдсэн

Тэргүүн Шадар сайд СХД-т ажиллав

УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Д.Кёкүшюзан Батбаяр нар энэ амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.  Тэд хоёр өдрийн турш дүүргийн ард иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонссон юм. Уулзалтад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд, Ардчилсан намын дарга Л.Эрхэмбаяр болон дүүргийн Газрын албаны дарга, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга, Татварын хэлтсийн дарга, Цагдаагийн хэлтсийн дарга зэрэг холбогдох албаны хүмүүс байлцлаа.

Тус уулзалтаар СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Д.Кёкүшюзан Батбаяр нар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил болон дүүрэгтээ хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа ард иргэдэд дэлгэн тайлагнасан юм. Мөн гишүүд УИХ, Засгийн газар, Ардчилсан намын бодлого үйл ажиллагааны талаар ард иргэддээ танилцуулж,  дүүргийн тулгамдаж байгаа асуудлын талаар иргэдийн санал бодлыг сонсож халуун дулаан яриа өргүүллээ. 

Сонгинохайрхан дүүргийн хувьд хамгийн олон хүн амтай хөдөөнөөс шилжин ирэгсэд ихтэй, хамгийн том нутаг дэвсгэртэй нийслэлийн томоохон дүүргийн нэг бөгөөд үүнийгээ дагаад ард иргэдийн асуудал, хүндрэл ихтэй дүүрэгт тооцогддог юм. Энэ удаагийн уулзалтаар ч иргэд хоёр гишүүн болон холбогдох албаны хүмүүст гэрэл цахилгаан, ус, зам, тээвэр үйлчилгээ гээд тулгамдаж байгаа асуудлаараа санал тавьж байлаа.  Түүнчлэн УИХ-ын хоёр гишүүний хийж байгаа бүтээн байгуулалтын ажлууд олон нийтийн сэтгэлд нийцэж байгаад талархаж байгаа илэрхийлэв.  Мөн сонгогчид хоёр намын амласан 1,5 сая төгрөгийг хэсэг хэсгээр олгож байгаа тухай, УИХ-ын гишүүд сонгогчидтойгоо уулздаггүй “алга болдог” тухай, олон тэрбум төгрөг “өөрсөддөө” хуваарилж авдаг тухай, УИХ, Засгийн газрын зарим үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах зүйл нэлээдгүй байгааг ч иргэд хэлж амласнаа биелүүлэхийг шаардаж байлаа.

Мөн энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Д.Кёкүшюзан Батбаяр нар Сонгинохайрхан дүүргийн IV хорооны гэр хороолол дунд, 16-р хорооны нийтийн эзэмшлийн талбайн дунд байгуулсан спорт талбай зэрэг бүтээн байгуулалтын зарим ажлуудаа хүлээлгэн өгөв. Түүнчлэн хаягдал хальсан уутаар  мод, төмөр орлох бүтээгдэхүүн хийж байгаа “Төв төгөл” ХХК-ийн үйлдвэрээр орж  үйл ажиллагаатай нь  танилцсан юм. Тэргүүн шадар сайд хэлэхдээ “Экологийн хор хөнөөлтэй хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулж байгаа нь сайшаалтай хэдий ч гарч байгаа бүтээгдэхүүн нь чанартай, үнэ ханш нь боломжийн байж зах зээлд өрсөлдөх боломжтой болно. Тиймээс юуны түрүүнд зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлага,  захиалгачаа ол,  түүний дараа үйлдвэрлэлээ өргөжүүлэх хэрэгтэй. Төр засаг ч дэмжих боломжтой” гэдгийг онцолсон юм.
Ийнхүү УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Д.Кёкүшюзан нар Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй хоёр өдрийн турш хамт байлаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж