Монгол Улс, Европын холбооны түншлэлийн хэлэлцээр амжилттай болж өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Монгол Улс, Европын холбооны түншлэлийн хэлэлцээр амжилттай болж өндөрлөв

Монгол Улс Европын Холбоотой байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны Хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ Брюссель хотноо амжилттай болж өнгөрлөө.

    Хэлэлцээг Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, Европын Холбооны талаас ЕК-ын Монголыг хариуцсан хэлтсийн дарга Ф.Жессен, ЕК-ын Алс дорнодтой харилцах худалдааны бодлогын хэлтсийн орлогч дарга А.Паренти нар тус тус даргалав.

    Гадаад харилцааны дэд сайд Б.Болор хэлэлцээг нээж үг хэлэхдээ хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа идэвхижин хөгжиж байгааг онцлохын сацуу ТХАХ нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны бүхий л салбарын эрх зүйн орчныг бүрдүүлж, цаашид хамтын ажиллагааг шинэ агуулга хэлбэрээр баяжуулахад түлхэц үзүүлэхийг тэмдэглэв.

    Европын Комиссын тал ч мөн энэхүү Хэлэлцээрт ихээхэн ач холбогдол өгч буйгаа хэлэлцээний үеэр цохон тэмдэглэж байсан бөгөөд энэхүү Хэлэлцээр нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээх чухал бичиг баримт болохыг онцлон тэмдэглэж байлаа.

    Хэлэлцээний үеэр Европын Холбооны стандарт, хэм хэмжээ, шалгуур, нөхцлүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх зорилтыг тавиад байгааг монголын төлөөлөгчид дахин мэдээлж, энэ чиглэлээр хамтран ажиллах тусгай зүйлийг Хэлэлцээрт оруулах саналыг албан ёсоор тавьсан бөгөөд Европын Комиссын тал энэхүү саналыг нааштайгаар хүлээн авч, Хэлэлцээрт тусгахаар талууд тохиролцлоо.

    Хэлэлцээний дараагийн шатыг Улаанбаатар хотноо энэ оны тавдугаар сард хийж, улмаар Хэлэлцээрийг энэ оны долдугаар сард үзэглэх чиглэлээр чармайлт гарган ажиллахаар болов.

    Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулах ТХАХ-ийн хэлэлцээг албан ёсоор 2009 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо эхлүүлсэн бөгөөд эхний шатны хэлэлцээг Улаанбаатар хотод 2010 оны нэгдүгээр сард хийсэн. Энэхүү Хэлэлцээр нь Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны бүхий л салбарыг хамарсан эрх зүйн баримт бичиг бөгөөд хамтын ажиллагааны тодорхой салбарууд, тухайлбал хөдөө аж ахуй, аж үйлдвэр, мэдээллийн технологи зэргийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох юм.

    2009 оны арванхоёрдугаар сард “Европын Холбооны гэрээ” буюу Лисбоны гэрээ хүчин төгөлдөр болж Европын Холбооны гадаад бодлого, Гадаад харилцааны алба шинээр үүсч буй бөгөөд ТХАХ нь шинэ нөхцөл байдалд ЕХ-ны зүгээс ЕХ-ны гишүүн бус оронтой хийж буй анхны томоохон Хэлэлцээр болж байгаагаараа онцлог юм хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж