МАХН-ын шатсан байрны зүгээс хүчтэй доргилт, ан цав мэдрэгдэж…

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

МАХН-ын шатсан байрны зүгээс хүчтэй доргилт, ан цав мэдрэгдэж…

Жилийн жилд  Монголын улс төр хавартаа нэг донсолдог нь гэм биш заншил болсон зүйл. Харин хавар хаврын дотроос энэ хаврынх арай л илүү нүргээнтэй байх шиг. Энэ нь эрх баригч МАХН-ын шатсан байрны зүгээс  ирж буй хүчтэй доргилт, ан цав, цууралт зэргээс үүдэлтэй. Хэтрүүлэг мэт харагдаж болох ч логикоор бодоод үзэхүл болж байгаа үйл явдлаас нэг их хол очиж тусахгүй.   “Шатсан байр” гэдэг нь МАХН-ын одоогийн байдалтай яг тохирч байгаа юм, харин “ан цав, цууралт” гэдэг бол лидерүүдийнх нь хоорондох тэмцэл юмаа энэ тэр гэж махчилах шаардлагагүй л гэж бодож байна.
МАХН-ын дотоодод болж буй хагарал бүр өнгөрсөн өвлөөс, Ерөнхий сайд С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн цагаас эхэлсэн. Тэр үеэс л МАХН-ын өмнөхийн өмнөх дарга, экс  Ерөнхийлөгчийн тойрон хүрээлэгчдийн зүгээс намын эрх мэдлийг С.Баяраас булааж авах тэмцэл эхэлсэн. Үнэн хэрэгтээ С.Баярт өөрийн тойрон хүрээлэгчид, фракци гээд байх  зүйл үгүй. Харин тухайн үед өөрийн бодлого, хүчтэй улстөрчийн шинж чанарыг хүлээн зөвшөөрүүлж, хүрээлүүлж чадсанаараа багагүй хугацаанд тэссэн хэрэг. С.Баярын талыг баримтлагчдаас эрх мэдлийг булааж авах тэмцлийн эхлэл түүний байгуулсан хамтарсан Засгийн газрыг ямар ч хамаагүй шалтгаанаар буулгах гэсэн эрэлхийллээр эхэлсэн гэж болно. Энэ эрэлхийлэл одоо төгсгөл үе рүүгээ орж байх шиг байна. Учир нь энэ цаг хугацааг товчлохын тулд МАХН-ын “эксийн экс” дарга өөрөө ил гарч ирлээ. Гэхдээ тэр өөрөө ил гарсан ч тэмцлээ явуулж буй арга барил нь нууц далд, хорон хэвээрээ. Товчхондоо “би байхгүй бол нам ч бас байхгүй шүү” гэсэн мессэжийг олон нийтэд хаяж эхэллээ. Харин Ерөнхий сайд асан, одоогийн намын даргынхаа эсрэг тэр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хөзөр болгон ашиглаж байгаа.
МАХН-ын даргын эсрэг чиглэсэн энэ тэмцэл өдөр ирэх тусам тэлж, дүүрэг хороодын түвшинд хүртэл газар аваад байгааг Сонгинохойрхон дүүргийн МАХН-ын хороон дээр болж буй үйл явдлаас харж болно. Эхэндээ намын удирдлага, дунд шатны хооронд гарсан зөрчилдөөн мэтээр харагдаж байсан энэ тэмцэл яваандаа С.Баяр, Н.Энхбаяр хоёрын хоорондох тулааны нэг хэсэг болох нь харагдаж эхлэв. Өнгөрсөн зун намынхаа ерөнхий нарийн бичгийн даргатай зодолдон дуулиан дэгдээж байсан Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооны дэд дарга асан Г.Бямбасүрэнгийн ард екс Ерөнхийлөгч зогсож байгаа аж. Өөрөөр хэлбэл МАХН-ын генсекийн “намаа цэвэрлэх” аян, дүүргийн намын хорооны “гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах” тэмцэл хоёрын цаана МАХН-ын эрт, эдүгээгийн дарга нарын л тэмцэл явагдаж байгаа юм байна. Тийм ч учраас Г.Бямбасүрэн “Миний ард МАХН-ын мянга гаруй гишүүн бий” хэмээн удирдах зөвлөлийнхөө өмнөөс үг сөрж, МАХН-ын батлахыг буцаах хөдөлгөөн хүртэл өрнүүлээд байгаа. Үүнд нь одоогоор 900 гаруй гишүүн гарын үсэг зураад байгаа гэсэн.  Гэхдээ хамгийн гашуун нь энэ тэмцэл хэзээ мөдгүй эргээ хальж, МАХН-ын дотоодод хуримтлагдсан идээ бээрийг тэр чигээр нь нийгэмд гаргаж цацах аюултай. МАХН дотооддоо асуудлаа шийдэж чадахаа байхаар гадагш нь нийгэм рүү гаргаж хагалах асуудлаа гэдэг, үүнд өрсөлдөгч улс төрийн хүчнүүд нь ч татагдан оролцож, нийгэм  тэр чигээрээ  донсолдог муу талтай.
Эргэцүүлээд үзэхүл нийгэмд харагдаж байгаа хэлбэр нь амлалтыг нэхэх ард түмний хөдөлгөөн, иргэний хөдөлгөөний жагсаал цуглаан, Оюутолгойн гэрээний эсрэг хэсэг бүлэг мэт боловч цаанаа МАХН-ыг удирдах эрх мэдлийн төлөөх, бүр цаашилбал улс орны байгалийн баялгийн төлөөх тэмцэл энэ хаврын улс төрийн гол өнгө байх нь. Тэмцлийн нэг талд  Н.Энхбаярын толгойлсон хэсэг, харин түүний эсрэг  хүч нь одоогоор Ерөнхий сайд С.Батболд, намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, хотын фракцийн толгойлогч М.Энхболд нарын бүлэглэл болон харагдаж байна. Гэхдээ экс Ерөнхийлөгчийн эсрэг нэгэн туган дор нэгдсэн тэдний эв нэгдэл тийм ч удаан настай биш нь тодорхой. Сануулахад Ерөнхий сайд асан С.Баяр 2007 оны намар намын дарга, Ерөнхий сайдын суудлыг М.Энхболдоос салгаж авах үедээ нам дотроо “элсний 13” гэгддэг, одоо Н.Энхбаярыг балешиглаад байгаа нөхдүүдээр  “Намын нэр хүндийг унагаж байгаа газрын наймаачин бүлгээс намаа цэвэрлэх”-ийг  бага хурлыг гишүүдэд уриалуулж,  нэг үгээр хэлбэл тэднийг ашиглаж байсан. Гэвч өнөөдөр тэд хоорондоо эв зүйгээ олохгүй л бол эргээд Н.Энхбаяр гэдэг хүний идэш болохоо мэдэж, хүссэн хүсээгүй хүзүү толгой нийллээ. Тиймээс ч  ирэх сард болох намынхаа бага хурлаар даргын асуудлыг шийдэхгүй, яриулахгүй байхаар хичээж байна. Дээр нь тэдний өнөөдрийн бодит эрх мэдэл, бололцоог бодолцвол магадгүй намын даргын асуудлыг хойшлуулж чадахаар харагдаж байгаа юм. Гэхдээ зөвхөн хоорондоо эв нэгдэлтэй байж чадсан нөхцөлд л шүү дээ.             
Харин экс Ерөнхийлөгчийн талаас намын даргын суудал руу  чиглэсэн мярайлтаа нийгмийг донсолгосон ийм өргөн фронтоор хийж байгааг нь хараад гайхах ч шиг, бахархах ч шиг. Уг нь ийм үед Ардчилсан нам одоогийнхоосоо арай сэхээтэй байсансан бол МАХН ч, Засгийн газар ч тэвдэхээр байна. Харамсалтай нь угийн л “амиа хорлогч” Ардчилсан нам өөр хоорондоо “бөөрөө гаргалцаад” юун тэр өрсөлдөгч улс төрийн хүчинтэй мантай. Алтангадас, МоАХ хоёрын хэн нь цаашид энэ намын сандал ширээнд  суух вэ гээд л хэрэлдэж байна. Гэхдээ тэдний хувьд уур бухимдал, хагарал тэмцэл бүхний шалтгаан нь ил байдаг, тэмцлээ ч гэсэн ил явуулдаг нь сайн тал гэж бас болно. Ил шарх илаарших нь хурдан ч Ардчилсан намын хувьд үүнээсээ болоод “гэрээ нураах нь” элбэг. Харин МАХН-ын үнэн санаагаа улдаа нуусан, далд, хорон улс төр нь намаа сөхрүүлэхээсээ илүү  нийгмийг хордуулдаг. Ингээд бодохоор хэн нь  илүү ухаантай байна даа.
Ямартай ч энэ хаврын улс төрийн энэ их хэрүүл тэмцлээс ядарсан ард олонд наалдах сайн юм даанч нэг харагдахгүй нь.
Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж