Рүүни “МанЮ”-д үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.24-нд нийтлэгдсэн

Рүүни “МанЮ”-д үлдэнэ

Английн шигшээ багийн довтлогч Уейн Рүүни бодлоо өөрчилж, ойрын ирээдүйгээ “Манчестер Юнайтед” клубтэйгээ холбохоор шийджээ. Сүүлийн үед хэвлэлийн бай болсоор байсан “Шрек” хочит Рүүни клубынхээ удирдлагатай таван жилийн хугацаатай шинэ гэрээг үзэглэсэн талаар “МанЮ”-гийн удирдлага баасан гаригт албан ёсоор мэдэгджээ. Гэтэл үүнээс ердөө хоёрхон хоногийн өмнө буюу лхагва гаригт Рүүни багаасаа явах тухайгаа мэдэгдэж, ямар ч амбицигүй хэмээн багаа шүүмжилж байлаа. Гэсэн хэдий ч Рүүни амжилт, нэр хүндийн оргилд авчирсан багтайгаа хамтран ажиллахаар шийдэж, 2015 оны зургадугаар сарыг дуустал Олд Траффорд цэнгэлдэхэд үлдэхээр шийдсэн байна.

Пүрэв гаригт “МанЮ”-гийн дасгалжуулагч Сэр Алекс Фергусон, клубын захирал Дэвид Гилл болон Рүүнигийн төлөөлөгчид багагүй хугацаанд ярилцаж, хэлэлцсэний дүнд олны гайхшралыг төрүүлсэн дээрх шийдвэрийг гаргасан ажээ.

Од тоглогч нь багаа орхихыг хүсч буй тухайгаа мэдэгдсэн явдалд Сэр Алекс “гайхаж, бас урам хугарсан” хэмээн мэдэгдэж байсан бол бодлоо өөрчилж, багтаа үлдэх шийдвэр гаргасны дараа тэрбээр “Клуб Рүүнигийн асуудлыг мартах болно” гэжээ. Харин Рүүни өөрөө энэхүү ээдрээтэй асуудлын талаар “Сүүлийн хэдэн өдрийн турш би менежер болон багийн удирдлагатай ярилцаж, зөвшилдсөний дүнд энэ л миний байх ёстой газар гэдгээ мэдлээ. Дасгалжуулагч маань үнэхээр гайхалтай хүн, түүний итгэл үнэмшил, дэмжлэг намайг багтаа үлдэх шийдвэр гаргахад хүргэсэн. Багийн эзэн, удирдлага, менежмент, дасгалжуулагч болоод тоглогчдод бүгдэд нь 100 хувь итгэж байгаан илэрхийлэл нь энэхүү таван жилийн гэрээ юм” хэмээн ярьжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж