
Тэгвэл өчигдөр Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөл Оюутолгойн орд газрын Техник эдийн засгийн үнэлгээ ТЭЗҮ-г хэлэлцэж эхэлсэн юм. Энэ удаагийн зөвлөлийн хуралд зөвлөлийнхнөөс гадна иргэний хөдөлгөөнийхөн гэгддэг гол төлөв Засгийн газар болон Оюутолгойнхныг эсэргүүцэж байдаг нөхөд оролцсоноороо онцлог. Хурлын үеэр иргэний хөдөлгөөнийхөн бас чамгүй эсэргүүцэл илэрхийлж байсан гэсэн мэдээлэл байна. Эрдэс баялгийн зөвлөлийн хурал тарангуут алдаатай ТЭЗҮ-г тэр чигээр нь баталчихлаа. Иргэний хөдөлгөөнийнхөн ширүүн тэмцэл хийхээр “мориндоо мордон” айсуй гэсэн мэдээлэл гарч амжив.
Уг нь Эрдэс баялгийн зөвлөл ТЭЗҮ-г баталдаггүй. Уг дүгнэлтийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад танилцуулан батлах ёстой юм байна. Гэвч зөвлөлийн хурлаас тун ууртай гарч ирсэн иргэдийн Альяанс төвийн тэргүүн О.Занаа, эрдэмтэн Н.Авирмэд нарын хүмүүс “Алтай” дээд сургуулийн байранд байрлаж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөний гол байран дээрээ ирж хуралдацгаав. Эрс шинэчлэл хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Д.Энхбат “Бид Оюутолгойн ТЭЗҮ-гээнээс гадна бусад асуудлуудаар ч санал солилцож, цаашид ямар арга хэмжээ авах талаараа ярилцаж байна” гэлээ. Тэгэхээр тэд бас зүгээр суухгүй л бололтой.
Харин Эрдэс баялгийн зөвлөлийнхөн болохоор засах тодруулах шаардлагатай зүйл гарвал засна, иргэний хөдөлгөөнийхний хэлж байгаа санал зөвлөмжийг ч анхаарах тусгах боломжтой гэж тайлбарлаж байна. Албан бус мэдээллээр ТЭЗҮ-д 12 төрлийн засвар хийх шаардлагатай гэж үзэж байгаа аж. Тодорхой бус байгаа асуудлыг тодруулахаар “Оюутолгой” ХК хуучнаар “Айвенхоу майнз Монголия инк” компанийнханд хугацаатай үүрэг өгсөн юм байна.
Тэгэхээр Эрдэс баялгийн зөвлөлийнхөн болоод “Айвенхоу майнз Монголия инк” компанийнхан дөрөвдүгээр сарын зургаа хүртэл уулзалтын ширээний ард хэд, хэд тулах бололтой дог оо.
А.АЛТ