-Эрдэс баялгийн зөвлөлүүийн гишүүдийн 90-ээд хувийн саналаар Оюутолгойн ордыг ашиглах Техник эдийн засгийн үндэслэлийг “завсартайгаар хүлээн авах” шийд гаргалаа. Энэ тал дээр таны байр суурийг сонсох гэсэн юм?
-Товчоор хэлэх юм бол “дээрээс өгсөн үүрэг даалгавар”-ыг энэ зөвлөлийн гишүүд сайн биелүүллээ гэж ойлгож байна. Энэ үүрэг даалгаврыг хөрөнгө оруулалтын гэрээ хийх үүрэг өгсөн С.Баяр, түүний гар хөл болсон Д.Зоригт нарын үйлдэл гэж бодож байна. Энэ бол үндсэндээ Монголын ард түмэнд ноогдсон асар их баялгийг “Айвенхоу майнз” компаниар зуучлуулж, өмнөд хөршийн эдийн засгийг хөгжүүлэх боломжийг олголоо. Энэ ТЭЗҮ сайшаагдсанаар өнгөрсөн оны аравдугаар сарын 6-нд батлагдсан хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдлээ. Энэ гэрээ хүчин төгөлдөр болсноороо Оюутолгойн асар их баялгийг Монголын ар түмэн биш харийнхан хүртэх нөхцөл бүрэн боломжтой боллоо. Нөгөө талаас Монголын ард түмэн өнөөгийн ядуу амьдрах нөхцөл олон арван жилээр үргэлжлэх болоод байх шиг байна. Хэдийгээр ТЭЗҮ-ийг засвартайгаар гэсэн тодотголтой боловч хүлээн авсан гэдэг “Айвенхоу майнз”-ын талд шийд гарлаа гэж бодож байна.
-Яагаад… Өмнө яригдаж байсан алдаа дутагдлыг засаагүй байна гэж үү?
-ТЭЗҮ-ийн алдаа дутагдалыг засах нь байтугай Монгол Улсын хуулийг ноцтой зөрчсөн баримт байна. “Айвенхоу майнз” компани өнгөрсөн оны зургадугаар сарын 23-нд ТЭЗҮ-ийг оруулсан байдаг. Гэтэл Ашигт малтмалын хуулиар дээд тал нь зургаан сарын хугацаанд энэ бичиг баримтыг хэлэлцэж шийдвэр гаргах ёстой. Гэтэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын16-нд оруулсан боловч дөрвөн ноцтой алдааг Эрдэс баялгийн зөвлөлийн хуралдаанаас илрүүлэн буцаасан. Мөн УИХ-ын ажлын хэсгээс хоёрдугаар сарын сүүлчээс найман зүйлийн алдаа дутагдлыг засч залруулахыг хүссэн боловч энэ бүхнийг үл тоомсорлож залруулга хийсэнгүй. Жилийн өмнө хийсэн тооцоо судалгаагаар бараг тэр хэвээр нь өнөөдөр хэлэлцүүллээ. Энэ нь Монгол Улсын эрх бүхий байгууллага, эрдэмтдийн санаа бодлыг үл тоомсорлон доромжилсон үйлдэл гэж үзэж байна.
-Усны нөөцийн асуудлын талаар ямар бодолтой байна?
-Үйлдвэр өндөр хүч чадлаар ажиллах үед усны нөөц хүрэлцэхгүй гэсэн дүгнэлтийг “Айванхоу майнз” өөрсдөө ч зөвшөөрч байгаа. Гэтэл энэ хувилбараар ТЭЗҮ-ийг хүлээгээд авчихлаа. Манай улсын Усны хэрэг эрхлэх газар ч гэсэн “Айванхоу майнз”-тай хуйвалдчихав уу даа гэсэн хардлага төрж байна.
-Яагаад?
-Усны хэрэг эрхлэх газраас Сосорбарам гэдэг даргын гарын үсэгтэй усны нөөц хүрэлцэнэ гэсэн утгатай бичиг ирсэн байна. Үүнийг би үндэслэлтэй баримт гэж үзэхгүй байна.
-Нөөцийн асуудал нэлээд маргаантай байсан?
-Нийт 45 сая нөөц баялаг тооцоологдсоноос 25 саяыг нь авах нэрийдлийн дор, 30 жилийн хугацаанд хамгийн өндөр чанартай сор болсон хэсгийг нь сорчилж, цөлмөж авах гэж байна гэсэн бидний хардлага ч өнөөдөр нотлогдлоо. Нөгөө талаас 5,7 сая тооноор нөөцийг нэмсэн гэх боловч энэ бас л үндэслэл байхгүй байлаа. Үлдсэн 15 сая орчим зэсийн нөөц баялгийг авах уу, хаях уу гэдэг ч бас тодорхойгүй байна. Ойрын таван жил хүртэлх хугацаанд тодотгох юм гэнэ.
-Өөр ямар ноцтой учир дутагдал байна вэ?
-Эрдэнэтээс долоо дахин илүү нөөцтэй, 40 Бороо шиг алттай, Асгатын ордоос хоёр дахин илүү мөнгөний нөөцтэй энэ ордоос авах үр ашиг нь Эрдэнэтийн жилийн ашгаас бага байна гээд бод доо.
-Тэгэхээр монголчууд хамаг баялгаа өнөөдөр зүгээр бэлэглэлээ гэж ойлгож болох нь ээ?
-Энэ ТЭЗҮ шийд энэ хэвээрээ үлдээд, хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болвол, тэгж ойлгож болно. Одоо ганц аврал бол УИХ-ын нэр бүхий цөөхөн гишүүд тухайлбал, Ш.Сайхансамбуу, Н.Батбаяр, Э.Мөнх-Очир, Ц.Даваасүрэн нарт л найдаж байна. Мөн манай иргэдийн идэвхтэй үйл ажиллагаа тэмцлээс хамаарна даа.
Б.Анхаа