Хуучирсан мэдээ: 2010.10.23-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын 23

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Аравдугаар сарын 23-ны баяр

    Унгарын үндэсний баяр

    Энэ өдөр унгарчууд 1956 оны аравдугаар сарын 23-ны өдрийн бослогын дурсгалд зориулагдсан улсын баяраа тэмдэглэж байна. Албан ёсны нэр нь Бүгд найрамдах Унгар улс, унгараар «мадьяр кёстаршашаг» гэж дуудагдана, Republic of Hungary (англ.). Төв европт Австри, Чех, Словак, Украин, Румын, Серб, Хорват ба Словенитай хиллэн оршдог.

    1956 оны энэ өдөр Аюулаас хамгаалахын ажилтнууд бүрэн тусгаар тогтнолыг шаардсан Польшийн жагсагчдыг дэмжин жагссан оюутнуудыг буудсанаар Унгарт зэвсэгт бослого гарч Засгийн газар солигдов. Шинэ ерөнхий сайд И.Надь Аюулаас хамгаалах байгууллагыг татан буулгахыг тушааж, нэг намын системийг хориглон Зөвлөлтийн цэргийг Унгараас гаргахыг шаардсан байна. Зөвлөлтийн арми бослогыг арваннэгдүгээр сарын 4 гэхэд дарж, И.Надийг барин нууцаар цаазалсан байна.

    Египетын үндэсний чөлөөлөлтийн өдөр
    Энэ өдөр Египет улс Англи, Франц, Израилийн түрэмгийллээс чөлөөлөгдсөн өдрийн баяраа (National Liberation Day) хийдэг. 1956 онд Англи, Франц хоёр Арабын дорнодод өөрсдийн ноёрхлыг тогтоон сэргээх мөн Египетын нийгэмчилсэн Суэцийн сувгийг булаан эзлэхээр дайн хийсэн юм. Израиль Арабын орнуудыг сулруулан тэднийг өөрийн булаан эзлэх бодлоготой эвлэрүүлэх зорилготой байв. 1956 оны аравдугаар сарын 29-ний өдөр Израиль Синайн хойт нэвтрэн довтолж, англи-францын хүчин Египетыг агаараас бөмбөгдөн тэнгисээс Порт-Саидад десант буулгасан байна.  Зөвлөлт аравдугаар сарын 31-нд мэдэгдэл гаргаж НҮБ-ын Аюулгүй зөвлөл түрэмгийллийг зогсоох ёстой гэв. АЗ хэд хэдэн удаа асуудлыг хэлэлцэн гурван ч удаа гал зогсоохыг шаардсан тогтоол гаргасан байв. Зөвлөлтийн Засгийн газар 1956 оны арваннэгдүгээр сарын 5-нд Англи, Франц, Израилийн талд мэдэгдэл хийн хүч хэрэглэн Ойрхи Дорнодод энхийг тогтооно гэж мэдэгдсэний дараа арваннэгдүгээр сарын 7-нд байлдааны ажиллагааг зогсоосон байв. 1956 оны арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн 1957 оны гуравдугаар сарын 8 гэхэд цэргээ Египетээс гаргаж дуусчээ. Үүний дараа НҮБ-ын цэрэг Египет, Израиль хоёрын 1949 оны хэлэлцээрийн дагуух эвлэрлийн шугамын дагуу байрласан байв.

    Тайландад V Рама хааныг дурсах өдөр  
    Хаан Чулалонгкорн (King Chulalongkorn) буюу V Рама хаан ширээг өөрийн эцэг  Монгкутаас залгамжлан авсан ба Рампхай Рамампирон (Тхепсириндра) хатан хааны эхний хүү, Монгкутын амьд үлдсэн ес дэх хүү байсан юм. Тэрээр 1853 оны есдүгээр сарын 20-нд төрөөр 16 настайдаа1869 онд хаан ширээнд суусан байв.

     V Рама 42 жил хаан байхдаа гүнзгий шинэчлэл хийн Тайландыг орчин үеийн улс болгон өөрчилсөн байв. Тэрээр Барууны удирдлагын системийг авч Их Британи, Франц, Америк, Орос зэрэг орнуудтай нөхөрлөн хүүхдүүдээ баруунд сургасан байв.  Ханы шинэчлэл тус орны бүхий л салбарыг хамаарч, боолчлолыг устган, төмөр зам, шуудан, холбоо байгуулж яамдыг бий болгосон байна. Мөн нийгмийн чухал институтуудыг тухайлбал, боловсрол, эрүүл мэндийн салбарт байгуулжээ.
    1910 оны аравдугаар сарын 23-нд хаан өөд болсон бөгөөд түүнийг тайчууд ихээхэн хүндэлж ирсэн байв. Түүнийг дурсан санадаг хүмүүст вангийн хишиг ирдэг гэдэгт тайчууд бүрэн итгэдэг ажээ.

    Өдрийн ишлэл
    "Хүүхэд бүр л Пеле шиг тоглож байхыг хүсдэг учраас тэдэнд жинхэнэ хөлбөмбөгчин ер нь хүн ямар байхыг харуулах асар том хариуцлага  надад үүрэгджээ”

     (Пеле, 1940 оны аравдугаар сарын 23-нд төржээ)

    Залуу Пеле 1958 оны дэлхийн аваргын тэмцээн дээр
    Эдсон Арантис ду Насименту, богино нэрээр  Пеле (Бразилийн Минас-Жерайс мужийн Трес-Корасойнс хотод төржээ) нь цуутай хөлбөмбөгчин ба “хөл бөмбөгийн хаан” гэж нэрлэгдсэн юм. Португали хэлээр түүнийг "O Rei" гэдэг.
    Бразилийн Засгийн газар Пелег “үндэсний хүртээл” гэж нэрлэжээ. Тэрээр Африкийн хөл бөмбөгийг дэмжих зорилгоор өөр орны шигшээ багт цорын ганц удаа 1978 оны дөрөвдүгээр сарын 22-нд Нигерийн төлөө нэг үеийг тогложээ. Иргэний дайныг зогсоох нөхцөлийг тэр Африкт ирэхдээ шаардсан ба тэр нь биелсэн байв.

    Пелегийн хэллэгээс:
    “Хөгжимд Бетховен ба бусад нь бий. Хөлбөмбөгт Пеле ба бусад нь байдаг”
    “Орчин үеийн хөлбөмбөгчид хэтэрхий их мөнгө олж, хэтэрхий их гомдол мэдүүлдэг хүмүүс”
    “Хөлбөмбөг гайхамшигтай тоглоом”
    “Торгуулийн цохилт бол гоолд хүргэх аймхайн зам”
    “Сэтгэ, шийд, гүйцэтгэ". (Пелегийн тоглолтоо барьдаг зарчим)
    “Хүүхдийн соёлын төвшин дээр хичнээн их ажиллана, төдий чинээ мэргэжлийн хөлбөмбөгчин түүнээс төрнө. (Пелегийн хөлбөмбөгийн сургуулийн хөтөлбөрт байгаа зарчмаас)

    Үйл явдал

    Анхны гоо сайхны мэс засал хийгдэв
    1814 он: Мэс засалч Жозеф Карпю дэлхийн анхны гоо сайхны мэс заслыг хийсэн гэж албан ёсоор бүртгэгджээ. Тэр “Энэтхэгийн” гэх аргаар духны арьснаас нь авч хамрын засал хийсэн байна. МЭӨ 600 жилийн өмнө дайн тулаанд гэмтсэн хамар амыг сэргээж байсан тухай Сушат Сам-гитагийн тухай А.Бэшемын “Энэтхэгийн гайхамшиг” номонд бичсэн байдаг. Тэр гоо сайхны мэс заслын аргыг “Энэтхэгийн”  гэдэг аж.  Ер нь бол Италийн Гаспер Тальякоцци (1546-1599)  гэмтсэн хамрыг гарын арьсаар сэргээж байснаараа орчин үеийн гоо сайхны мэс заслын үндэслэгч гэж тооцогддог.

    Европт анхны онгоц нисчээ
    1906 он: Францын агаараар хөвөгч, ба нисгэгч Сантос Дюмон Европт анхны болох нислэгийг онгоцоор хийжээ. Тэрээр 60 метрийн зайг онгоцоороо туулжээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж