
Сэлэнгэ аймагт гарсан галдан шатаах хэрэгт цагдаагийн ажилтнууд тус аймгийн харьяат хоёр эрэгтэйг холбогдуулан шалгаж эхэлжээ. Уг хэргийн талаар тодруулах гэсэн боловч холбогдох хууль хяналтынхан “Мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа тул тодорхой мэдээлэл өгөхгүй, хоёр хүнээс мэдүүлэг авч эхэлсэн” гэв. Өнгөрөгч есдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө иргэдийн “Chaser” маркийн хоёр автомашин, хоёр гарааш, нэг айлын өвлийн байшин шатаасан хэрэг гарсан юм. Мөн энэ сарын 11-ны шөнө 21 цагаас эхлэн Сэлэнгэ аймгийн дөрөвдүгээр багийн оршин суугч иргэн Б-ын хувийн эзэмшлийн автомашин шатаасан бол мөн оройн 22 цагийн орчим гуравдугаар багт хоёр айлын хашаан дахь өвсийг шатаасан хэрэг бүртгэгдсэн билээ. Одоогоор энэ төрлийн хэрэгт 11 удаагийн үйлдэл бүртгэгдээд байгаа аж.
Н.Түвшин