
Энэ уулзалтын үеэр баг тамирчдын аюулгүй байдал, бэлтгэл хийх, амьдрах орчин нөхцөл, тэмцээний тасалбарын борлуулалт, олимпийн наадмын уралдаан, тэмцээнүүд болох ордон, хуваарь, өндөр түвшний зочдын айлчлалын зохион байгуулалт зэрэг өргөн хүрээтэй асуудлаар харилцан санал солилцсон нь энэхүү наадамд амжилттай оролцох нэг үндэс болно гэдгийг талууд онцлон тэмдэглэж байв.
Олимпийн тоглолтын өмнөх бэлтгэл, тамирчдын байрлах байр сууц, дэд бүтэц, тээвэр, зохион байгуулалтын асуудалд манай тал онцгой анхаарал хандуулж байгаагаа Шадар сайд М.Энхболд тэмдэглээд зохион байгуулах хорооны ажилд амжилт хүсэхийн зэрэгцээ монголын баг, тамирчид Лондонгийн олимпийн наадамд урдах амжилтаа бататган, ахиулах эрмэлзэл дүүрэн байгааг илэрхийлэв.
Мөн энэ өдөр төлөөлөгчид Лондонгийн олимпийн наадмын жудо, чөлөөт бөх, бокс, хүндийг өргөлт, буудлагын тэмцээнүүд болох спортын орднуудтай танилцаж, олимпийн паркад зочилов. Олимпийн барилга байгууламжууд, дэд бүтэц, тээвэр, байр сууцны асуудлыг цаг хугацаанд нь, чанартай, оновчтойгоор шийдвэрлэхээр чармайн ажиллаж байгаагаа зохион байгуулагч тал мэдээлэв.
Мөн энэ үеэр Монголын талын төлөөлөгчид Лондонгийн Параолимпийн наадмын бэлтгэл ажлын талаар зохион байгуулагч талтай өргөн хүрээнд санал солилцов.
Шадар сайд М.Энхболд Лондон-2012 олимпийн наадамд амжилттай оролцох гол үндэс бол бэлтгэл сургуулилтыг чанартай хийх, зохион байгуулалтын өндөр түвшинд бэлтгэж оролцохын чухлыг тэмдэглэж байв.