
-ДОХ-ын вирусын халдвартай донорын цусыг сэлбэсэн өвчтөнүүд эрүүл гэдгийг нотлох баримтаар гаргаж ирэх цаг болсон юм биш үү. Сонин хэвлэлээр үнэхээр ташаа мэдээлэл цацагдсан юм бол та бүхэн яагаад таг чиг сууна вэ?
-Энэ талаар бид хангалттай сонин хэвлэлд мэдээлэл өгсөн шүү дээ.Бидний өгсөн мэдээллийг сонин хэвлэл өөр өөрийн өнцгөөс бичсэн байна лээ. Донорын ХДХВ-ын халдвартай цусыг өвчтнүүдэд сэлбэсэн үү үгүй юу, халдвар тархсан эсэхийг цаг хугацаа харуулах хэрэг.
-Хэсэг хугацааны дараа хариуцлага хүлээх хүн байхгүй болох байх л даа. Цус сэлбэлт, донорын цусыг хариуцсан эмч н.Алимаагаас бодит мэдээллийг авах хэрэгтэй байна?
– Манай төвийн их эмч н.Алимаад бид тодорхой үүрэг даалгавар өгсөн учраас ажлаа хийж буй. Завгүй.
-ДОХ-ын вирусын халдвартай донороо танина биз дээ?
-Манай Цус судлалын үндэсний төвд донорын цус авах тусгай баг ажилладаг юм. Би юу гэж донор бүхэнтэй харилцаа холбоотой байх вэ дээ.
-Тэр донор 2008 оноос хойш танайд цус нийлүүлж байсан юм билээ. Халдвартай болохоор хамаагүй болчих уу?
-Би та нарт бодит мэдээллийг хангалттай ярьсан. Одоо ямар ч мэдээлэл өгөхгүй. Тэр халдвар тээгч донор одоо бидэнд хамаагүй шүү дээ. Дараа дараагийн шатны эмчилгээ, эмчийн хяналтанд орсон байх. Харин удахгүй манай Цус судлалын үндэсний төвөөс сонин хэвлэлээр дамжуулан донор иргэддээ хандан мэдээлэл хийнэ. Өнөөдөр хүний амь насыг аврахаар цус өгч байсан мянга мянган донорыг гутаасан мэдээлэл гарч буй нь сэтгэл эмзэглүүлж байна.
-Тэгвэл цус сэлбүүлсэн мянга мянган өвчтнүүд айдаст автчихлаа.Тэд эрүүл цус хийлгэсэн гэх баталгааг та нар гаргаж өгөх хэрэгтэй юм биш үү?
-Цус сэлбүүлсэн өвчтөнүүдэд ХДХВ/ДОХ-ын халдвартай цус сэлбээгүй гэдгийг баттай хэлсэн шүү дээ. Албан ёсоор хэл яриагаар хэлээд байхад юм ойлгохгүй бол та бүхэн юу дуртайгаа бич дээ / Уурлав/
–