Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 26

Гуравдугаар сарын 26-ны баярууд
Бангладешийн тусгаар тогтнолын өдөр (Смрити Шоудха). Өмнөд Азийн энэ орон 1971 оны энэ өдөр тусгаар тогтнолоо зарлажээ. Пакистаны түүхэн дэх анхны бүх нийтийн сонгууль болж, улс төрийн нэртэй зүтгэлтэн Мажибур Рахманы толгойлсон Зүүн Пакистаны (өнөөгийн  Бангладеш) Ардын лиги нам олонхийн саналыг авч ялалт байгуулсан юм. Гэвч Пакистаны цэргийн захиргаа Ардын лигийн хөтөлбөрөөс улс орноо тусгаарлах уур амьсгалыг олж харсан байна. Мажибур Рахманы баримт­лалд Зүүн Бенгалид улс төр, эдийн засгийн автономи олгохыг шаардсан байлаа. Пакистаны төв засаглал түүнийг хүлээн аваагүй учир Зүүн Пакистанд үл захирагдах хөдөлгөөн өрнөсөн юм. Ингээд Зүүн Бенгалийн эмгэнэл эхлэн 10 сая дүрвэгсэд Энэтхэгт зугтан гарсан байв. Энэ сөргөлдөөнөөр Бангладеш улс төрж, Энэтхэгийн дэмжлэгийг авсан билээ.
Африкийн Мали улс Үзэл бодлынхоо төлөө тарчлан зовогсдын өдрийг 1991 оноос хойш тэмдэглэж ирэв.

1162 он. Одоогоос 848 жилийн өмнө немцийн ван ба Ариун Ромын эзэнт улсын эзэн хаан I Фридрих Барбароссын арми Милан хотыг нэг жил шахуу бүсэлж байгаад эзлэв. Барбаросса Италийн хоёр дахь аян дайнаараа Мила­ныг 1158 анх эзлээд явсаных нь дараа эзэн хаан өөрийн төлөөний хүнээр хотыг захируулахаар орхисон учир миланчууд 1159 оны нэгдүгээр сард бослого гарган хотоо эргүүлэн авсан байв. Барбаросса эхний амжилтандаа найдан цэргээ Альпийг давуулан буцаасан байжээ. Тэрээр харин хотынхныг өршөөж, даах хөрөнгөө аван хотыг орхихыг тушаагаад Миланыг газартай тэгшлэх тушаал өгсөн байна. Хотын буурийг байлдан дагуулагчид үндсээр нь хагалаад давс цацан хараал хийсэн гэдэг.

1328 он. Александр Невскийн ач хүү Калита хочтой I Иван Данилович Тверь хотод гарсан Татарын эсрэг бослогыг хэрцгийлэн дарахад идэвхтэй оролцсон гэж Узбек хаанаа Владимирийн ван болох зарлигийг авчээ. Иваны гол зан нь хаадтай учраа олдогт л байсан гэнэ. Оросын бусад газар нутаг хэлмэгдэж байхад түүний захиргааны Москвагийн вант улс цэцэглэн дэвжиж байлаа. Тэрээр Владимирийн ван болсноор Зүүн хойд Оросыг Москвагийн вангууд захирах эрин эхэлсэн гэдэг.

1828 он. 182 жилийн өмнө ертөнцөд дөнгөж 32 жилийг элээсэн Австрийн агуу их романтик хөгжмийн зохиолч Франц Шубертын цорын ганц зохиогчийн концерт тоглогджээ. Тэрээр ийм бага наслахдаа 1000 гаруй бүтээл туурвисан юм. Түүний авъяасыг үнэлсэн үнэлгээ нь тэр ганц концертоос эхэлсэн ажээ. Маш их авъяастай байсан ч тэрээр үргэлж дутуу гачуу амьдарч ирсэн юм. Амь зогоохын тулд тэрээр орлого багатай хөгжмийн багшийн ажил хийж ирсэн юм. Түүний концерт амжилттай болж, тэрээр анх удаагаа өөртөө төгөлдөр хуур худалдан авч байлаа. Тэр жилийнхээ намар Шуберт хижиг өвчнөөр өвдөн мөнх бусыг үзүүлжээ.

1937 он. Дэлхийд хамгийн анх удаа зурмал киноны баатарт хөшөө босгосон байна. АНУ-ын Техас мужийн Кристалл хотноо усан цэрэг Папайд тэрхүү хөшөөөг босгожээ. Папай идээд хүч ордог шпинат ногоо ургуулдаг фермерүүд хөшөөний мөнгийг цуглуулсан байна. Энэ зурмал кино гарч ирсний дараа Америкт консервалсан шпинатын хэрэглээ 30 хувиар өссөн байлаа. Усан цэрэг Папайг “Thimble Theatre” комиксийг бүтээсэн Элзи Сегар бий болгожээ. Папайн мульткарьер нь 1933 онд эхэлсэн ба түүний бүх киног Нью-Йоркийн “Fleischer Studios” урланд хийсэн гэдэг.

2003 он. Долоохон жилийн өмнө Улаан нүдэн гариг дээр том хэмжээтэй хөлдүү далайг илрүүлсэн байна. Эрдэмтдийн үзэж буйгаар таван сая орчим жилийн өмнө  800х900 км талбайг ус живүүлсний дараа хөлдөн мөс гадаргыг бүрхсэн байна. “Улаан нүдэн гаригт амьдрал байна уу гэдэг шинжлэх ухаанд тодорхойгүй” зүгээр л нэг үг юм. Дөнгөж 6000 жилийн өмнө Сахарын элсэн цөлд гол мөрөн урсан ой шуугиж байсан гэдгийг мэдэх хүн байгаа гэж үү? Улаан нүдэн гариг дэлхийн хамт агуу мөсжилтийн эринийг давсан бололтой. Харин дэлхийн мөсжилт дөнгөж 12-13 мянган жилийн настай. Улаан нүдэн гаригт ус их байсныг сансрын аппаратуудаас авсан гэрэл зурагт тод харагдана. Уг гаригийн хөлдсөн мөс гол одоо улаан соронзонт элсэнд дарагдсан бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж