Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

”Эрүүл хүнс” аян

Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улс орон даяар зохион байгуулахаар өгсөн чиглэлийн дагуу Булган аймгийн мэргэжлийн хяналтын газар “Эрүүл хүнс” сэдвээр 45 хоногийн аянг төв хөдөөд өргөн хүрээнд өрнүүлж байна. Энэ талаар Булган аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын  байцаагч В.Долгоржавтай ярилцлаа.
-Аяны зорилго чиглэлийн талаар танилцуулаач?

-Төр засгаас үндэсний аюулгүй байдалд ихээхэн анхаарал тавьж байгааг бид  мэднэ. Энэ асуудлын нэг гол чиглэл нь хүн амаа эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах орчин нөхцөл бүрдүүлэх, олон нийтээс тавих хяналтыг өргөтгөх, найдвартай, эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх арга барил, дадлыг иргэд өөрсдөө эзэмших шаардлага тулгарч байна. Нийтийн хоол, зоогийн газрын хоолноос хордлоо. Зарим нь амь эрсдлээ гэдэг. Сүүлийн үед төв хөдөөгийн сургуулийн хүүхдүүд “үдийн цай”-нд хэрэглэсэн зүйлээсээ олноор хордсон. Айл өрхийнхөн гамшиг, аюулын түвшинд биш ч гэсэн үе үе хоолны хордлого боллоо гэцгээдэг. Ийм учраас манай ерөнхий газрын удирдлагын шийдвэрээр “Эрүүл хүнс” аяныг орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ бол тулгамдаад байгаа нэн чухал асуудал. Нээлтийн ажиллагааг ямар нэгэн байгууллагын хурал цуглааны танхимд биш аймгийн төвийн иргэдийн хүнсний гол үйлчилгээ төвлөрдөг зах дээр зохион байгуулснаар онцлог болсон.

-Энэ үеэр эрүүл хүнсний талаарх ойлголтыг иргэдэд хир яаж хүлээн авч байна вэ?

-Яг үйлчилгээнийхээ дэргэд эрүүл хүнсний талаар ярина гэдэг үйлчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд их нөлөөлсөн гэж болно. Тухайлбал, мах, ногоо, талх, боов, чихэр, хиам, өндөг зардаг хүмүүс миний бараа иргэдийн эрүүл мэндэд хэр зэрэг найдвартай байгаа, ариун цэврийн шаардлага хангаж байгаа эсэх, амт, чанар, хугацаа нь хэтэрчихээгүй байгаа хэмээн бодож байхад энэ захаас бидний авдаг хоол хүнсний маань зүйл эрүүл хүнсний шаардлагыг хэр зэрэг хангадаг бол? Хоол, хүнсээр  хордлого авчихалгүй аж төрөхийн тулд худалдан авах зүйлдээ өөрсдөө хяналт тавьж байх хэрэгтэй юм байна гэсэн санаа төрсөн шүү хэмээн зарим үйлчлүүлэгч ярьж байлаа. Үүнээс ургуулан бодоход нээлтийн арга хэмжээ маань иргэдэд бодол эрэгцүүлэл төрүүлж өөрөөр хэлбэл ухаарал ухуулгын чанартай болсон гэж  үзсэн.

-Нээлтээр яг юу болсон бэ?

Аяны зорилго чиглэлийг тайлбарласан. Энэ хугацаанд зохион байгуулах арга хэмжээнээсээ танилцуулсан. Хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэгч, үйлчлүүлэгчдийн төлөөлөл үг санаа бодлоо илэрхийлсэн. Сүүлийн жил ихээхэн хэмжээний ногоо тарьж байгаа иргэн Д.Дорж иргэдэд найдвартай, чанартай бүтээгдэхүүнээр үйлчилдэг тухайгаа ярьсан. Хүнсний  бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар иргэдээс хайрцгаар санал авсан. Олон түмний хэрэглэдэг хүнсний зүйлд ямар дутагдал байдаг, юунд онцлон анхаарч ямар арга хэмжээ авах, удирдлагын бодлого шийдвэрт хэрхэн тусгаж хэрэгжүүлэх шаардлагатай талаар үнэтэй санал гаргасан иргэд нэлээд бий. Мөн иргэдийн санал бодол хүлээн авах утас ажиллуулсан.   

-Аяны хүрээнд ямар арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа вэ?

-Бид төлөвлөгөө гаргасан. Энэ дагуугаа юуны түрүүнд 30 орчим арга хэмжээг хэрэгжүүлнэ. Аяны явцад хийсэн хяналт шалгалт, олон нийтийн санаа бодол, бодит байдлыг үндэслэн нэмэлт зарим зүйлийг зохион байгуулна. Эдгээр ажил маань иргэдийн хэрэглэдэг хүнс эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хэрхэн хангаж байгаад, нэгд, хяналт шалгалт хийх, нөгөө талаар, эрүүл хүнсээр олон нийтэд үйлчлэх, найдвартай зүйлийг хэрэглэх, хадгалах арга барилыг үйлчлэгч, үйлчлүүлэгчдэд зөвлөж ажил, амьдралд нь хэвшүүлэх, цаашилбал, хүнсний бүтээгдэхүүний талаар олон түмнээр дүгнэлт хийлгэж санал бодлыг нь орон нутгийн удирдлагын бодлого шийдвэрт тусгуулах гэсэн үндсэн гурван агуулгатай байна. Тодруулж заримаас нь хэлэхэд, мах, сүү, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанарын түвшинд ямар шалгалтууд хийхээ товлосон. Хүнсний зүйл хадгалалт хамгаалалтаас ихээхэн шалтгаалдаг тул аж ахуйн нэгж, айл өрхийн зоорь агуулах, сав баглаа боодолд хяналт тавина. Зоорь гэхэд аймгийн хэмжээнд 5,1  мянга гаруй бий л дээ. Тэдгээрийн зарим нь технологийн горимд нийцээгүйгээс хадгалсан зүйл нь муудаж, улмаар иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөд хүрдэг. Өөрөөр хэлбэл, эрүүл хүнсээ хортой болгож байна гэсэн үг. Шувууны аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцана. Эрүүл хүнсний шаардлага хангаагүй бүтээгдэхүүнд олон зүйл нөлөөлдөг. Талх, боов гэхэд талбайд буулгасан үр тариаанаас ч шалтгаална. Тийм учраас аяны хугацаанд үр тарианы талбайд хянан баталгаа хийн үнэлэлт дүгнэлт өгч тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын үрийн нөөцийн салбаруудад дотоодын ургацаас үрийн болон хүнсний буудай худалдан авч байгаа байдалд хяналт тавина. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн судалгаа гаргаж үйл ажиллагаатай нь танилцана. Хүнсчдийн зөвлөгөөн хийж эрүүл хүнсээр үйлчлэх асуудлыг хэлэлцэнэ. Ард иргэдтэй уулзалт хийж хэлэлцүүлэг зохион байгуулна. Чанарын шаардлага хангаагүй амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж ямар учраас хэрэглэх боломжгүй болсныг олон нийтэд сайтар мэдээлнэ. Ер нь эрүүл хүнс хэрэглэх талаар төрөл бүрийн зөвлөмж, аргачлал боловсруулан иргэдэд хүргэнэ. Аяны хугацааны нэлээд ажлаа аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтэс эрүүл мэнд, хөдөө аж ахуй, стандарт хэмжил зүй зэрэг төр төсвийн байгууллага, мөн тариаланчдын болон хүнсчдийн холбоотой хамтран зохион байгуулна. Сумдын улсын байцаагчдаас хөдөө орон нутагт аяныг зохион байгуулахад нь зориулан удирдамж, чиглэл арга зүйгээр сайтар хангана. Нэг зүйл нэмж хэлэхэд аймгийн төвийн иргэд, байгууллагад чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд мах, сүүний шинжилгээ хийх лабораторийн асуудлыг шийдвэрлүүлэх зорилт тавьж байна.

-Аяны ажлаасаа та заримыг нь тодруулж хэлнэ гэсэн. Зах зухаас нь дурдсан энэ ярианаас үзэхэд их ажил хийх юм байна?

-Тийм шүү. Төлөвлөснөө бид шуурхай хэрэгжүүлж эхлээд байна. Одоогоор зах, дэлгүүр, цэгүүдэд худалдан борлуулж байгаа төмс, хүнсний ногооны чанар ямар байгаа, ялангуяа энэ жил хураан авсан ургацаа эрүүл, аюулгүй нөхцөлд хадгалан хэрэглэхэд хяналт тавьж дүгнэлт гаргаад байна. Тухайлбал, төмс, хүнсний ногоо тарьж өвөл, хаврын хүнсэндээ хэрэглэдэг айл өрх, мөн төмс хүнсний ногоо хадгалан ажил үйлчилгээ эрхэлдэг болон зарж борлуулдаг байгууллага, хуралдаа эрхлэгчдийн нийт 36 зоорийг шалгаж, ургацаа хадгаалахаар хэрхэн бэлтгэсэн, эрүүл ахуй халдваргүйжүүлэлт ямар байгаад хяналт тавилаа. Хөдөөгийн сумдад ч энэ ажлыг зохион байгуулж байгаа. Одоо  хоёр дахь шатны арга хэмжээгээр мах, сүү худалдан борлуулах ажил үйлчилгээ эрхэлдэг ард иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж эхэллээ.

-Хэр зэрэг зөрчил дутагдал байна?

-Шинэ ургацын ногоо хадгалах зоориндоо сарын өмнө эрүүл ахуйн байгууллагын шугамаар халдваргүйжүүлэлт, ариутгал хийлгэсэн байх журмыг нэлээд айл өрх хангаагүй байсан. Энэ бол хадгалалтын явцад ногоо зөвхөн ялзарч муудаад зогсохгүй хүний эрүүл мэндэд муу нөлөө үзүүлэх учрыг тайлбарлан ариутгал хийлгүүлсэн. Харин зоорь мөөгөнцөртсөн халдварын нян үржсэн зэрэг зөрчил илрээгүй. Төсөвт байгууллага ажил үйлчилгээндээ зориулсан төмс хүнсний ногоог эрүүл, аюулгүй байдлаар нөөцлөн хадгалахад албан тушаалтны үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн хоёр хүнд торгуулийн арга хэмжээ авсан.   

-Аянаа олон түмэнд ил тод нээсэн гэлээ. Хаалтын арга хэмжээг яаж зохион байгуулах бодолтой байна?

-Мөн л олон нийтэд мэдрэгдэхээр зохион байгуулах зорилт тавьж байна. Мөдхөн аймгийн ургацын баярын арга хэмжээг холбогдох байгууллагаас хийнэ. Энэ үеэр аяныхаа дүнг олон нийтэд сурталчилна. Үзэсгэлэн худалдаа гаргаж эрүүл, чанартай бүтээгдэхүүнийг иргэдэд мэдээлнэ. Хэд хэдэн төрлөөр аймгийн шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулна. Хамгийн гол нь аяны хугацаанд илэрсэн зөрчил дутагдлыг давтахгүй байх, эрүүл, найдвартай хүнсээр үйлчилдэг, хэрэглэдэг дадал заншлыг хэвшүүлэхийг иргэд, үйлчилгээний байгууллагуудад уриална. Энэ бол манай аян гол үр дүн, ач холбогдол болох учиртай.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж