
Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газраас орон нутагт өрнүүлсэн цаг үеийн гол арга хэмжээний нэг мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын дүнг нэгтгэн гаргалаа. Хүйтний улирал, ялангуяа цаг агаарын өөрчлөлт, гэнэтийн болзошгүй гамшгийн үе тохиолдоход хүндрэл, хохирол багатайгаар даван туулах бэлэн байдлыг бүрдүүлэхийн тулд өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар боловсруулсан төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор батлан, онцгой комисс албан даалгавар гаргаж, энэ дагуу зохион байгуулсан ажлыг эрчимжүүлж үр дүнг дээшлүүлэхээр Засаг даргын захирамжаар холбогдох хүмүүст үүрэг чиглэл өгч хэрэгжилтийг тооцох арга хэмжээ авчээ. Сум, баг, ялангуяа малчид өнгөрсөн өвөл хаврын хахир хатуугаас сургамж авч өнөө жилийн бэлтгэл ажилд ихээхэн санаачилга гарган ажиллалаа. ХХААХҮЯ-наас гаргасан журмыг баримтлан нэгтгэж гаргасан энэ урьдчилсан дүнгээр аймгийн хэмжээнд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 85 хувиар хангаад байна. Гэвч Сайхан, Могод, Баян-Агт, Гурванбулаг, Хишиг-Өндөр зэрэг таван сум одоогоор бэлтгэлээ хангаж амжаагүй ажээ. Эдгээр суманд тэжээлийн хангамж, ялангуяа цаг агаарын хүндрэлийн үед хэрэглэх өвсний нөөц бүрдүүлэх талаар аймгаас өгсөн үүрэг, чиглэлийг хэрэгжүүлээгүй, мөн зарим ажлыг зохих түвшинд хүргээгүй байна. Иймд бэлтгэлийн дутууг яаравчлан гүйцээх ажлыг шуурхай зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ.
Ж.Мөнх-очир