Хатгамалч С.Нарандэлгэр: “Би ногоон дарь эхээ байгальтай харьцаж, өнгөтэй тулалдаж уралсан”

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Хатгамалч С.Нарандэлгэр: “Би ногоон дарь эхээ байгальтай харьцаж, өнгөтэй тулалдаж уралсан”

Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээгдсэн эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнд монгол хатгамлын төрлөөр” Ногоон дарь эх” бүтээлээрээ оролцсон чөлөөт уран бүтээлч С.Нарандэлгэртэй уулзлаа. Тэрбээр 2001 онд Урлахуйн ухаан, ардын урлагийн дээд сургуулийг уран хатгамал, арьсан урлалын чиглэлээр төгссөн юм.

-Үзэсгэлэнд оролцсон Ногоон дарь эх бүтээлээ та хэдий хугацаанд урласан бэ? Ямар хэмжээтэй хатгамал болсон бэ?

-Ногоон дарь эх хатгамлынхаа хар зургийг бурханч лам Пүрэвбат багшийнхаа удирдлаган доор гаргаад, гурван жил урласан. Бурхны хөрөг урлах нь нарийн дэг журамтай. Өнгөө нарийн гаргахын тулд өдрийн цагаар байгалийн гэрэлд оёдог байсан. Миний бүтээл 42*56 сантиметрийн хэмжээтэй.

-Бүтэн гурван жилийн турш нэг бүтээл дээр уйгагүй ажиллана гэдэг их тэвчээр шаарддаг байх. Гурван жил урлахдаа шантарч байсан үе байгаа юу?

-Шүтээний хатгамал гэж ийм сайхан үнэт өв бидэнд байдаг гэдгийг бусдад дэлгэн үзүүлэхийг хүссэн учраас бүх л сэтгэл зүрхээрээ хандсан. Би “Ногоон дарь эх” бүтээлээ байгальтай харьцаж, өнгөтэй тулалдаж хийсэн.

-Хатгамлаа ямар утсаар урласан бэ?

-Дан торгон утсыг задалж хялгасан болгож ашигласан. Монголд утасны сонголт ховор, хүссэн өнгөө олж чаддаггүй болохоор будаг уусгаж өнгө гаргадагтай адилхан үндсэн өнгийн утсаа задлан хооронд нь уусгаж, хүссэн өнгөнүүдээ гаргаж авсан. Энэ бүтээлд ууссан өнгө давамгайлсан. Зөвхөн үүлэнд л гэхэд нийт долоон өнгийг оруулсан.

-Хатгамлын хичнээн төрлийг ашигласан бэ?

-Хатгамлын бүх төрлийг цогцоор нь оруулахыг зорьсон л доо. Задгай хатгамал, өнгө уусгах хатгамал, саа дарах, контур хатгамал, зоосон ширээний сүлжмэл, шүр шигтгээ хатгах аргуудыг хэрэглэсэн.

-Ногоон дарь эх хөргийг өмнө нь хатгамлаар урлаж байсан болов уу?

-Монгол хатгамлаар яг ингэж нарийн хийсэн нь бол бараг байхгүй дээ. Монгол зургийн аргаар зурсан зурмал хувилбарууд бол зөндөө байдаг. Өөр хатгамал бурхад байдаг ч зүү ороох юм уу, зээгт наамлан түвд хатгамал голчлон байдаг.

-Бүтээлээ зарах гэж үнэлж байв уу?

-Одоохондоо үнэ тогтоогоогүй ээ. Гурван жилийн хөдөлмөрөө тийм ч хямдхан үнэлэхгүй.

-Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнд хэд дэх удаагаа оролцож байгаа вэ?

-Хоёр дахь удаагаа. Хатгамал хугацаа их шаарддаг урлаг болохоор олон үзэсгэлэнд оролцох боломж байдаггүй.

-Залуу хүн байж яагаад заавал үндэсний хатгамлын төрлийг сонгов?

-Монгол хатгамал өөрөө шавхагдашгүй арвин баялаг, гаднаас хуулбарлаагүй, эцэг өвгөдөөсөө өвлөж авсан ардын гар урлалын гайхамшиг. Үүнийг улам бүр дэлгэрүүлж, олонд таниулж, үр хойчдоо өвлүүлж үлдээхийг л хүсдэг.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллахаар төлөвлөж байгаа вэ?

-Богд хааны монгол гуталтай адилхан гутлыг битүү хээ зоосон ширээний сүлжмэл, хатгамлаар хийх санаатай байгаа.

Дашдулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж