Хүүхдийн ”Forte piano” улсын уралдаан болж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Хүүхдийн ”Forte piano” улсын уралдаан болж байна

Монголын хүүхдийн ордноос жил бүр төгөлдөр хуур сонирхогч хүүхдүүдийн дунд улсын уралдаан зохион байгуулдаг билээ. Энэхүү уралдаанд мэргэжлийн бус хүүхдүүд оролцдог бөгөөд найман нас хүртэл, 9-10 нас, 11-13, 14-ээс дээш насныхан гэсэн ангиллаар явагдаж байна. Оролцогч хүүхдүүд уралдааныг зохион байгуулах комиссоос өгсөн ая, Ф.Шопенийн нэг зохиолоос гадна ансамбль тоглох юм байна. Хүүхдийн ордны төгөлдөр хуурын багш М.Мөнгөнцэцэг, Т.Туул, Д.Одончимэг нарын шавь нар бэлтгэсэн зохиолоо маш чадварлаг тоглож байсан юм. Төгөлдөр хуурынхаа товчлуурт арай ядан хүрч байгаа бяцхан охид төгөлдөр хуураа маш анхааралтай тоглохоос гадна тайзны жүжиглэлтийг чамгүй эзэмшсэн нь үзэгчдийн хайрыг татаж байсан. Нэг ангилалдаа 20-25 хүүхэд өрсөлдөж байгааг мэдсэн хүүхдүүд адил ая тоглож байгаа ч “Дунд хэсэгтээ нэг нот алдлаа. Минийх арай илүү байлаа” гэж бие, биенээ шүүмжилж байв. Хүүхдийн ордны  төгөлдөр хуурын дугуйланд нэгхэн жил суралцаж байгаа гэх охид, хөвгүүд монгол ардын дуунаас гадна Л.Бетховений “Сурок”, В.Моцартын “Тема вариаций”-г тоглож байлаа. 9-10 насны ангилалд М.Мөнгөнцэцэг багшийн шавь М.Цэцэгдарь, А.Оюунгэрэл, Т.Туул багшийн удирдсан А.Амин-Эрдэнэ нар үеийнхнээсээ илүү авьяастай гэдгээ харуулж, тэдний тоглолтод үзэгчдийн алга ташилт тасарсангүй.
Монгол-Оросын хамтарсан  III  сургуулийн  сурагч М.Цэцэгдарь “Анх удаа энэ тэмцээнд оролцож байна. Тайзан дээр анх удаа гарч байгаа болохоор хүмүүсээс айж байсан. Диндон гэдэг ая тоглоход хүмүүс алга ташаад байхаар нь баярлалаа. Манай багш надад олон гоё ая зааж өгдөг. Би гэртээ төгөлдөр хууртай болохоор чөлөөт цагаараа давтдаг” гэв. Монголын хүүхдийн ордны багш М.Мөнгөнцэцэг “Эцэг эхчүүд хүүхдүүдээ авьяаслаг, төгс төгөлдөр хүн болгохын төлөө их анхаардаг болсон. Манай дугуйланд суралцах хүсэлтэй хүүхдүүд их байдаг. Монгол хүүхдүүдийн нэг онцлог нь юмыг маш богино хугацаанд сурдаг. Сонсгол сайтай байдаг юм” гэв. Уралдаанд нийт ная гаруй хүүхэд оролцсон бөгөөд өнөөдөр шилдгээ шалгаруулах гэнэ.
Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж