
Ц.Жаргалсайханы үйлдсэн гэх хэргийн талаар нэхэн сануулахад өнгөрсөн зургадугаар сард тэр Гадаад харилцааны яамны хоёр мэргэжилтнээс улсын нууцад хамаарах баримт бичиг авсан аж. Түүнийгээ ОХУ-ын эрх бүхий албан тушаалтанд дамжуулсан гэдэг. Энэ үйлдэл нь улсын нууцад хамаарах учраас хуулийн байгууллагаас тодорхой мэдээлэл одоо ч өгөхгүй байгаа юм. Ц.Жаргалсайхан болон Гадаад харилцааны яамны хоёр мэргэжилтэнд холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газар шалгаж прокурорт шилжүүлсэн. Ингэхдээ яамны хоёр мэргэжилтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Ц.Жаргалсайханд Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлд зааснаар буюу улсын нууц задруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Харин хяналтын прокурор Ё.Сагсай зүйл ангийг өөрчилж Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар яллахаар дүгнэлт үйлдсэн юм. Эрүүгийн хуулийн дээрх зүйл, ангид “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол 16-25 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх дээрх зүйл, ангийг үндэслэн Ц.Жаргалсайханд 17 жил хорих ял оноолоо. Шүүгдэгч ялын дүгнэлтээ авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны олон Дээд шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй юм.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин