Гадаад банкируудын гайхалтай алхмууд

Хуучирсан мэдээ: 2010.10.22-нд нийтлэгдсэн

Гадаад банкируудын гайхалтай алхмууд

Монголын арилжааны бан­куудад гүйцэтгэх удирлагын алба хашдаг гадны эрхмүүд олон. Мөн хашиж байгаад нэр хүндтэй, хэл амтайгаар ажлаа өгсөн нь ч бий. Хэ­дийгээр аль нэг банкны захи­рал ажлаа хүлээлгэж өгөх нь байдаг л үзэгдэл юм шиг бо­ловч цаанаа их нарийн учир шалтгаантай нь зарим жишээнээс тод харагдана. Тухайлбал, ХААН банкны гүйцэтгэх захирал асан ноён Питер Морроу. Түүний хувьд ХААН банкны гүйцэтгэх захирлын албыг 10 жил тасралтгүй хашихдаа сайн, муугаар бишгүй хэлэгдсэн ч хүрсэн амжилтын хувьд бу­сад гадаад захирлаас илүүр­хэх гавьяатай нэгэн гэгддэг. Яагаад гэвэл тэр­бээр 10 жилийн өмнө алдаг­далтай ажиллаж, нийт ак­тив нь 50 тэрбум төгрөгт хүрэхтэй үгүйтэй байсан ХААН банкийг Монголын арил­жааны банкуудын тэргүүн эгнээнд хүргэж чадсан нь үнэн. Өнөөдөр тус банкны нийт актив 1.4 их наяд төгрөгт хүрээд буй юм. Харин хоёр сар гаруйн өмнө П.Морроу гүйцэтгэх захирлын албаа Анг­лийн иргэн Саймон Мор­рис гэгчид хүлээлгэн өгсөн билээ. Тухайн үед П.Мор­роу “Би одоо заавал гүйцэтгэх удирдлагын алба хаших шаардлагагүй. Гэхдээ ХААН банкнаасаа бүрмөсөн явахгүй. Зөвлөх захирлын үүрэг гүйцэтгэнэ” хэмээж байв. Хүмүүс ч түүнийг заавал өндөр цалинтай албан тушаал руу шургалаад байхааргүй хөрөнгө хуримтлуулсан уч­раас одоо жаахан амарсан нь зөв шүү хэмээн дүгнэж байлаа. Гэтэл мань хүн арван хуруу шигээ мэддэг болсон ХААН банкиндаа зөвлөгөө өгч суух уйтгартай ажилд хадагдахыг хүссэнгүй. Шинээр байгуулагдсан Хөгж­лийн банкны ТУЗ-ийн ги­шүүний дүрээр банкны сал­барт дахин морилдог юм байна. П.Морроу ч яах вэ. Арилжааны банкийг ам­жилт­тай удирдаж байсан шигээ Хөгжлийн банкийг хөл дээр нь босголцох хүсэл эрмэлзэл дүүрэн л байгаа биз. Тэгээд ч тэр өөрөө гүйж ирэх бус, Төрийн өмчийн хороо, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооныхон түү­нийг энэ ажилд дүйцэх хүн гэж үзээд санал болгосон нь тодорхой. Мэдлэг туршлагын хувьд ч гологдохгүй байх. Ямартай ч тэр Монголын банкны салбарт “хадаас” болох нь тодорхой боллоо.

Харин Монголын арил­жааны хэд хэдэн банкинд гүй­цэтгэх захирлын алба хашиж явсан бас нэг сонирхолтой фигур саяхан ажлаа өгсөн нь анхаарал татаж байна. Тэр бол Турнбул. Ноён Бэн Турнбул “Зоос” банкийг зогсоогүй бай­хад удирдлагын багт нь багтан ажиллаж байсан нэ­гэн. Энэ үедээ багагүй хэл аманд орж байсан. Удалгүй дампуурсан “Зоос”-ын суу­­рин дээр төвхнөсөн Тө­рийн банкны анхны гүйцэт­гэх захирал болсон. Гэвч өнгөрсөн хугацаанд Тө­рийн банкны удирдлагууд сан­гийнхаа хөрөнгийг үрэн таран хийж байна гэсэн таа­гүй мэдээлэл тасраагүй. Үүнээс үүдэн Төрийн банкны жирийн ажилчдын зүгээс “Бэн Турнбулыг өөрчилж өгөөч” гэсэн хүсэлт Сангийн яам, Монголбанкинд удаа да­раа гаргаж байсан гэх мэ­дээлэл бий. Гэхдээ энэ нь нууц санал байсан юм. Харин удирлагууд нь сан­гийн хөрөнгөө үрэн таран хийсэн гэх мэдээлэлд “Зар сур­талчилгаанд хэтэрхий их мөнгө зарцуулсан” гэхээс өөр дорвитой тайлбар өгч чадаагүй. Ер нь Бэн Турнбу­лын суудал ийнхүү нэлээд эрт­нээс ганхаж эхлээд байсан юм. Товчхондоо түүнийг со­лих нь тодорхой болоод уд­сан гэсэн үг. Болох ёстой юм хэдхэн хоногийн өмнө албан ёсоор болж, Төрийн банкны ТУЗ-ийн хурлаар Бэн Турнбулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Гэхдээ энэ үйл явдал нам жимхэн болж өнгөрсөн. Түүнтэй холбоотой маапаан их байсан учраас ингэж чимээгүй солихоос ч аргагүй байсан биз. Хэрэв ямар нэгэн “но”-гүй байсан бол гүйцэтгэх захирлаа солихдоо ХААН банкныхан шиг сүр дуулиантай биш юм аа гэхэд олон нийтэд нээлттэй жаахан ч гэсэн нээлттэй байж болох л байсан шүү дээ. Өдгөө Төрийн банкныхан Бэн Турнбулын талаар ямар нэгэн тодорхой зүйл хэлэхээс татгалзаж байна. Тус банкны хэвлэлийн төлөөлөгчөөс гүй­цэтгэх захирлаа сольсон шалт­гааныг лавлахад “Гэ­рээт хугацаа нь дуусаад л явсан. Одоо хаана, юу хийж явааг нь мэдэхгүй” гэсэн товчхон хариулт өгч байна. Төрийн банкны гүй­цэтгэх захирлаар мөн л га­даад эрхмийг томилоод байгаа. Тэр нь тус банкны үйл ажиллагаа хариуцсан за­хирлаар өмнө нь ажиллаж бай­сан Роберта Ложиа гэгч юм. Ямартай ч гадны гай­халтай банкируудын нэг нь ийнхүү сураг тасарлаа. Гэх­дээ П.Морроу шиг энэ сал­бартаа эргээд ирэхийг үгүйс­гэх газаргүй. Харин улам ахиж дэвших нь юу л бол. Яагаад гэвэл энэ хоёр эрхмийн хооронд их ялгаа бий.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж