
Мөн албан хэрэгцээнд хэрэглэж байсан нөүтбүүкийн хоёр сая, ажлын хувцасны 232 мянга, “Nokia” маркийн гар утасны үнэ болох 510 мянган төгрөгийг завшсан талаар хавтаст хэрэгт дурьдсан байдаг. Эдгээр мөнгөн дүнг нэгтгэж Д.Сүрэнхорын улсад учруулсан гэх хохирлыг 91 сая 300 мянган төгрөгөөр тогтоожээ. Иймээс түүнийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар анхан шатны шүүх дөрвөн жил хорих ял оноосон билээ. Харин шүүгдэгч Үйлдвэр худалдааны яамны барилгын засварт зориулах ёстой 73 сая төгрөгийг үрэгдүүлсэн гэдгээс бусдыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тодруулбал, албаны автомашиныг яаманд, ажлын хувцас, утас, нөүтбүүк зэргийг жолоочдоо хүлээлгэж өгсөн. Мөн Дэд сайдын Ардчилсан Солонгост хийх айлчлалын багт 2.5 сая төгрөг зарцуулсан гэдгийг шүүгдэгч тайлбарлаж байгаа. Гэхдээ оноох ялыг хөнгөлүүлэх үүднээс улсын яллагчийн тогтоосон 91 сая төгрөгийг Д.Сүрэнхорын эхнэрийн компаниас өнгөрсөн хугацаанд Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд төлж барагдуулсан аж. Харин анхан шатны шүүх Д.Сүрэнхорд оноосон долоон жилийн ялаас гурвыг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж дөрвөн жил хорих ялыг биечлэн эдлүүлэхээр болсон.
Нийслэлийн шүүхэд өчигдөр болсон давж заалдах хуралд Д.Сүрэнхорын өмгөөлөгч Ц.Алтанцол, Г.Оюунцэцэг, Б.Хишигбаатар, улсын яллагчаар Ж.Чимгээ оролцсон юм. Д.Сүрэнхор хорих ангид ял эдлэх хугацаандаа долоон удаа эмнэлэгт хэвтжээ. Түүний бие одоо ч тааруу байгаа аж. Д.Сүрэнхор бөөрний архаг үрэвсэл, ходоодны шархтай. Энэ ужиг өвчин нь шоронд орсноос хойш хүндэрснээр олон удаа эмнэлэгт хэвтэж байгааг өмгөөлөгчид нь хурлын үеэр хэлж байв. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сараас хойш хоригдож байгаа юм. Шүүх бүрэлдэхүүнд хандаж өмгөөлөгчид нь Д.Сүрэнхорыг ялласан зүйл анги тохироогүйг онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, Итгэмжлэгдсэн төлөөлөгч бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэх Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл ангиар биш төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан гэх Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар яллахыг өмгөөлөгчид нь хүсч байсан. Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд зааснаар яллавал энэ хэрэг бүхэлдээ Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой аж. Мөн хохирлын хэмжээг буруу тогтоосон ч яллах дүгнэлтийн хэмжээнд хохирлыг барагдуулсныг шүүх бүрэлдэхүүн анхаар ч шийдвэр гаргахыг өмгөөлөгчид нь сануулж байсан юм. Д.Сүрэнхорын бие тааруу байгаа болон гэм буруугаа ухаарсныг нь харгалзахыг өмгөөлөгчид онцолж байв. Гэвч Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Мөн хохирлын хэмжээг гэрчүүдийн мэдүүлгээр зөв тогтоосон гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ. Анхан шатны шүүх хурал дээр “Гарцаагүй байдлаас хууль бус үйлдэл хийсэн. Гэм буруугаа ойлгох хангалттай хугацаа байлаа. Ид хийж бүтээх насандаа мэдлэгээ ялзруулж байгаадаа харамсч байна” гэж толгой гудайлгаж байсан Д.Сүрэнхорд оноосон ялыг давж заалдах шатны шүүх хэвээр нь үлдээлээ.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭРЗохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин