Хорогдсон 3.8 сая малын сэг хөдөөг өмхийрүүлж байна | News.MN

Хорогдсон 3.8 сая малын сэг хөдөөг өмхийрүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Хорогдсон 3.8 сая малын сэг хөдөөг өмхийрүүлж байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3.8 сая толгой мал хорогджээ. Цаашид ч энэ тоо өсөх магадлалтай гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байгаа. Цаг агаар дулаарч байгаа учраас орон нутагт зүй бу­саар хорогдсон малын сэг зэм гэсч, орчин тойрноо бохирдуулах, хүн, малын халдварт өвчин гарах эрсдэлийг дагуулж байна. Гэсэн хэдий ч асуудлыг шийдэхгүй хугацаа алдсаар л байна. Хаврын урьтай зэрэгцэн хэд хэдэн аймагт малын галзуу өвчин гарч, хөл хорио тогтоогоод байгаа нь аюулын харанга дэлдэж байгаагийн нэг илрэл болох талтай юм. Эдгээр сэг зэмээс үүдэн олон төрлийн халдварт өвчин дэгдэх магадлал өндөр байгаа учир онцгой байдлын мэргэжилтнүүд саяхан хоёр хэсэгт хуваагдан орон нутагт судалгаа хийжээ. Манайхан аливаа ажлыг эхлүүлэх гэж судалсаар байтал дараагийн муу үр дагаврууд нь шил, шилээ даган гарч ирдэг уламжлалтай шахам болчихсон улс. Төрөөс нэг ажлыг хоёр ажлын зардлаар хийх ёс тогтоод удаж, төрийн мөнгийг хайр найргүй зарцуулж байгаа нь харамсалтай. Яг энэ зуршил малын сэг зэм устгах ажил удааширснаас, хүн малын халдварт өвчин цаашид тархахгүй гэсэн баталгаа алга болоод байгаа нь ойрын үед хэд хэдэн аймагт гарсан мал, амьтны галзуу өвчний хөл хорио тогтоосноор харагдаж байна гэж хэлж болох юм. Тиймээс бид энэ ажлын эргэн тойронд юу болж байгааг, холбогдох хүмүүс хэрхэн анхаарлаа хандуулж байгааг талаар холбогдох газруудаар явж, асууж сураглалаа.
Улсаас малын сэг зэм устгах ажилд зориулж 5.5 тэрбум төгрөг гаргана гэсэн нь багагүй шүүмжлэл дагуулж байгаа. Одоогоор бол НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс малын сэг зэм устгах ажлын хүрээнд “Хөдөлбөл хөлс” хөтөлбөр хэрэгжүүлэн, Өвөрхангай, Дундговь, Ховд аймгийн 51 суманд 1,8 сая ам.долларын тусламж үзүүлсэн гэсэн мэдээлэл байгаа бөгөөд малын сэг зэмийг хэрхэн устгах ажилд  малчдыг хамруулан радиогоор заавар өгөх гэнэ. Болж л байна. Малын сэг зэм устгах ажилд хотоо харлуулсан 20 мянган малчин сайн дураараа оролцохоор болсон өөр нэг мэдээ бас байна. Хөдөлмөрийн чадваргүй хөгшид, хүүхдүүд ч энэ ажилд хянагчийн үүрэг гүйцэтгэж, цалин авах боломжтой аж.
Онцгой байдлын ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн ажилтан Бүрэнтогтохоос малын сэг зэмийг дулаарахаас өмнө устгахгүйгээс мал, амьтны халдварт өвчин хаа сайгүй дэгдэх аюулыг дагуулж байгаад авах арга хэмжээний талаар асуусан боловч “ Малын сэг зэм устгах, сэрэмжлүүлэг зэргийг холбогдох мэргэжлийн байгууллагууд өгөх ёстой. Харин манай байгууллага бол түүнийг нь хэрэгжүүлэх үүрэгтэй” гэсэн тайлбар өгч байна. Онцгой байдлын ерөнхий газар гэдэг байгууллага нь гамшиг осол болсон даруйд тусламж үзүүлэхээс гадна гарч болох эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах үүрэг байдаг л баймаар юм. Тийм биш бололтой. Ингээд дараагийн албаны хүнтэй холбогдлоо.
Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дээд дэслэгч М.Энх-Амараас тодруулга авсан юм.

-Малын сэг зэмийг устгах ажилд төрөөс авч байгаа арга хэмжээ ямар төвшинд үргэлжилж байна вэ. Олон саяараа үхсэн малын сэг зэмийг яаралтай устгахгүй бол орон нутагт халдварт өвчин гарч, үнэр танар нь дийлдэхээ болих нь гэж хөдөөнийхөн ярьж байна?

-Малын сэг зэмийг устгах, гарч болох эрсдэлээс сэргийлэх зорилгоор газар дээр нь байдал ямар байгааг үзэж танилцсаны үндсэн дээр Засгийн газрын 2010 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 52 дугаар тогтоолоор шаардлагатай хөрөнгийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нарын багцаас гаргуулж, орон нутагт төвлөрүүлсэн байгаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцаас санхүүжих 290 сая төгрөгийг аймгуудад хорогдсон малын сэг зэмийг устгахад шаардлагатай ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, ажлын хэсэг болон томилолтын зардал зэрэгт зарцуулахаар төсөвлөсөн. Харин Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын төсвийн багцаас гаргах 241,6 сая төгрөгийг сэг зэм устгах ажилд ажиллах хүчний хөдөлмөрийн зардал болгон, шууд орон нутгийн харьяалагдах дансанд төвлөрүүлсэн байгаа. Гагцхүү энэ ажлыг хэрхэн, хэдий хугацаанд хэрэгжүүлэх нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтнүүдийн хийх асуудал. Наад асуудлаар чинь саяхны нэг сонинд улсаас малын сэг зэм устгах ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байна гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Уг нь бол энэ ажилд зарцуулах зардлыг хагас сарын өмнөөс тов тодорхой төсөвлөж, харьяа дансанд байршуулаад, хэрэгжүүлэх газруудад нь үүрэг даалгавар өгсөн.

-Газар дээрээ бол дорвитой ажил хийгдээгүй байх шиг байна. Хөрөнгө нь шийдэгдчихсэн юм бол яагаад хугацаа алдаад байгаа юм бол?

-Хугацаа алдмааргүй л байна. Хүн, малын халдварт өвчин гарах эрсдэлийг тооцож үзсэндээ хагас сарын өмнөөс төсөв хөрөнгийг шийдсэн юм шүү дээ. Бүх орон нутагт энэ ажлын хэсэг нь байгуулагдаад ажиллаж байгаа. Эхлээд хаана булах, ямар нөхцөлд ариутгалыг хийх, хаана хичнээн хэмжээний сэг зэм байгаа талаар судалгаа хийж байгаа байх. Хамгийн гол нь хэдий хэмжээний түргэн хугацаанд хийж дуусна, төдийчинээ эрсдэлээс сэргийлэх юм. Энэ ажлыг зохион байгуулахад шалтгаалах хөрөнгийг шийдээд өгсөн болохоор хүндрэл үүсэх асуудал байхгүй гэсэн үг. Хэдий хугацаанд хийж дуусгах нь ажлын хэсгийнхний асуудал.

-Малын сэг зэм устгах ажилд манайхнаас гадна НҮБ-аас тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж байгаа. Энэ талаар?

-Гурван аймгийн нийт 51 суманд сэг зэмийн устгал хийхээр НҮБ-аас 1,8 сая америк долларын санхүүжилт хийхээр болсон. Энэ бол маш их хөрөнгө. Сэг зэм устгах ажлаас гадна тухайн орон нутгийн огт малгүй болсон малчдыг хамруулж, малтай болох тал дээр нь анхаарахыг тус олон улсын байгууллагаас хүссэн.

Улсаас хөрөнгө мөнгийг нь хагас сарын өмнө төсөвлөсөн асуудлыг яагаад өнөөдрийг хүртэлх хугацаанд нь эхлүүлэхгүй өдий хүрч байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны МАА-н бодлогын хэрэгжилтийн газраар орж , хариулт авах гэсэн боловч Засгийн газрын хуралдаанд энэ асуудлаар хэлэлцэхээр яваад эзгүй гэсэн хариултыг өглөө.  
Албаны хүмүүс ийм хариулт өгч байгаа ч малын сэг зэмийг ундны ус, хот суурин газраас хэдий хэмжээний хол газар булах вэ гэдгийг судалж байгаа гэдгээс өөр бодитойгоор эхлүүлсэн ажил харагдахгүй байна. Мөн нөгөө талаар газар гэсч, цас ханзрахыг хүлээж байгаа гэсэн тайлбарыг ч холбогдох хүмүүс өгч байна. Гэхдээ урьдчилсан төлөвлөгөө ёсоор тавдугаар сарын 15 гэхэд орон нутгийг малын сэг зэмнээс бүрэн цэвэрлэж,  дуусгахаар төлөвлөсөн байгаа гэдгийг сануулахад буруудахгүй байх.
Өнөөдрийн байдлаар бол албаны хүмүүс “Орон нутагт ариутгал, халдваргүйжүүлэлт хийх гарын авлага, зөвлөмжийг хүргүүлсэн” гэсэн хийсэн ганц ажилтай сууж байгааг дахин сануулъя. Хуралдаж асуудлыг шийдвэрлэлгүй яахав. Гэхдээ хуралдаж, судалсаар байтал өдрийн нар, салхи, шөнийн жаварт исэлдэн өмхийрсөн дөрвөн сая орчим үхсэн малын сэг зэмнээс хүртсэн жигүүртэн шувуу, амьтан араатнууд аль хэдийн бусдад янз бүрийн халдварт өвчний голомтыг тараахыг нь тараагаад, галзууруулахыг нь галзууруулаад эхэлчихсэн байна шүү гэдгийг анхааралдаа авах цаг болжээ. Цагийн хатууг даваад үлдсэн хэдэн малаа дахин хорогдуулах гээгүй л юм бол энэ ажлаа шуурхайлмаар байна. Сэг зэм устгах асуудлаар хэд хэдэн байгууллагаар ороход хэн нь хэдийд юу хийх талаар өөр хоорондоо шидэлцсэн, бие биенээ хардсан маягтай л харагдаж байгаа нь ажлыг урагш алхуулахгүй дөнгөлж байгаа юм шиг санагдлаа.

Д.Долгор

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-03-26 127.0.0.1

1998 oni Mongold orj ireed 19 jil bolj bgaa tsembeger Toyota Harrier mashiniig 95 say-aas baga zereg yriltsaad zarlaa Engin 30 urdaa hutlugchtei Boronzon Shargal ungutei asaadag dohiololtoi tsembeger tereg Utas 99794680

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж