Т.Сайнжаргал: Д.Сүрэнхорын захиаг Японы интернэт кафенаас бичсэнийг тогтоосон

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Т.Сайнжаргал: Д.Сүрэнхорын захиаг Японы интернэт кафенаас бичсэнийг тогтоосон

Орхон аймгийн төвд онц ноцтой гэмт хэрэг гарсныг цагдаагийнхан шуурхай илрүүлжээ. Энэ тухай болон олны анхаарал татсан Д.Сүрэнхорын хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.

-Д.Сүрэнхорыг уржигдар түр гаргасан гэсэн. Ямар үндэслэлээр гаргасан юм бэ. Батлан даалтад гаргаж байгаа юм уу?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу Д.Сүрэнхорыг сэжигтнээр 14 хоног саатуулан шалгаад, энэ сарын 24-нөөс яллагдагчаар татаж байгаа юм. Энэ өдөр түүнийг түр зөвшөөрлийн бичгээр гарган, ээж болон ар гэрийнхэнтэй нь уулзуулж, хувцсыг нь солиулсан. Цагдан хорих хугацаа үргэлжилж байгаа. Зарим нэг хэвлэлд цагдаагийнхан орой бүр түүнийг гадуур гаргаж байгаа гэж бичсэн байна. Энэ бол ямар ч үндэслэлгүй худал мэдээлэл.

-Сонгуулийн өмнө Д.Сүрэнхорын бичсэн гэх Н.Энхбаяр болон түүний эхнэртэй холбоотой захидал олны анхаарлыг татаж байсан. Энэ захидал үнэхээр түүнтэй холбоотой юм болов уу?

– Мөрдөн байцаалтын явцад Д.Сүрэнхор ийм захидал бичээгүй гэдгээ мэдүүлсэн. Харин энэ захиаг Японы интернэт кафенаас бичсэн болохыг тогтоосон.

– 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед Д.Сүрэнхор Японд биш Австрид байсан гэдэг. Тэгэхээр хэн бичсэн байж болох уу. Үүнийг тогтоох боломжтой юу?

-Энэ тухай тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байна.

-Орхон аймагт онц ноцтой хүн амины хэрэг гарсан гэсэн?

-Орхон аймгийн иргэн 23 настай Э гэдэг эмэгтэй 17-45 ОРХ улсын дугаартай машинаараа таксины үйлчилгээ хийж амьдардаг байж. Гэтэл  энэ сарын 20-нд иргэн С.Энхмэнд Улаантолгойн сангийн аж ахуйгаас Жаргалант сум руу явахыг санал болгосон байдаг. Тэд үнэ тохиролцоод замдаа гартал С.Энхмэнд гэгч нь жолооч эмэгтэйг хүчирхийлэн, гэмт үйлдлээ нуухын тулд ороолтоор боомилон амь насыг нь хөнөөсөн хэрэг үйлдсэн.

-Гэмт хэрэг үйлдэгчийг хэзээ илрүүлсэн бэ. Тэр өмнө нь бас ноцтой гэмт хэрэг үйлдэж байсан гэсэн?

-Онц ноцтой гэмт хэрэг гарсан даруй ЦЕГ-ын дарга, хошууч  генерал Д.Сандаг-Очирын тушаалаар ажлын хэсэг байгуулсан. Мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт мөрдөн шалгах ажлыг хийж 30 цагийн дотор гэмт хэрэгтнийг илрүүллээ. С.Энхмэнд цогцсыг Улаантолгойн сангийн аж ахуйн орчим уулын энгэрт нууж, машиныг цасанд суулгаж орхиод зугтсан байсан.

Уг ноцтой гэмт хэргийг үйлдэгч С.Энхмэнд гэгч нь 2006 онд хүчингийн хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйл ангиар таван жилийн хорих ялаар шийтгүүлж, өнгөрсөн оны наймдугаар сард Өршөөлийн хуулиар суллагдсан  юм билээ. Хэргийн мөрдөн шалгах ажил үргэлжилж байна.

Х.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж