Хүүхдүүдэд таталт өгч байсан нь химийн хордлого байж болзошгүй гэж үзэхэд хүргэсэн

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдэд таталт өгч байсан нь химийн хордлого байж болзошгүй гэж үзэхэд хүргэсэн

Ховд аймгийн Булган сумын I сургуулийн хүүхдүүд үдийн цайнаасаа хордож, олон хүүхэд хүнд байдалд байсан юм. Булган суманд ажиллаад ирсэн ОБЕГ-ын Халдварт өвчин тархалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Дэлгэрмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Та бүхнийг очиход хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илэрч байсан бэ. Хоолны хордлогоос арай өөр шинж тэмдэг илэрсэн гэсэн?

-Үдийн цайнд нийт 211 хүүхэд хамрагдсан юм билээ. Түүнээс 143 хүүхэд найман багшид хордлогын шинж илэрсэн. Хүүхдүүд цайгаа ууснаас 10 минутын дараа бөөлжиж, зарим хүүхэд татаж эхэлсэн байдаг. Хэрвээ хоолны хордлого бол халуурч, суулгадаг. Гэтэл тийм шинж тэмдэг илрээгүй учир химийн бодисын хордлого байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

-Яагаад таталт өгсөн юм бол. Химийн бодисын хордлого ингэж илэрдэг үү?

-Хүний мэдрэлд шууд нөлөөлж байгаа учраас таталт өгч байгаа юм. Энэ байдлаас үүдэн бид идсэн бялуу, уусан цай гээд бүх зүйлээс нь дээж авч нийслэлд шинжилгээ хийхээр болсон. Удахгүй хариу нь гарахаар юунаас болсон нь тодорхой болох байх. Ажлын хэсэг хүнс хоолоор дамжсан хордлого гэж урьдчилан дүгнээд байгаа.

-Та бялуу хийсэн “Хөх хөтөл” хоршоог очиж үзсэн байх. Ямар орчинд хийдэг юм байна. Эрүүл ахуйн шаардлага хангасан байна уу?

-Эрүүл ахуйн шаардлага огт хангаагүй газар нарийн боов хийдэг юм билээ. Цех гэж өөрсдөө танилцуулж байгаа ч орчин нь үнэхээр бохир байсан. Аймгийн мэргэжлийн хяналт шаардлага гарган, хяналт тавьж ажиллах байх.

-Ингэхэд тус сумынхан хаанаас ундны усаа авдаг юм бэ. Тухайн сумын ойролцоо алт гар аргаар олборлож байсан юм биш байгаа?

-Яг хаанаас ундны усаа авч байгааг мэдсэнгүй. Харин хүүхдүүдэд цай чанаж өгсөн уснаас дээж аван шинжилгээнд өгсөн. Хариу нь удахгүй гарах байх.

-Одоо хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа бол?

-Биднийг ирэх үед хордлого авсан хүүхдүүдийн 87 хувь нь бүрэн эдгэсэн. Өнөөдөр ирсэн мэдээгээр 90 хувь нь эдгээд эцэг, эхийнхээ хяналтанд байгаа гэсэн.

Х.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж